Хүүхдүүд гол усаа хайрлан хамгаалахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын "Жигүүр" цогцолбор сургуулийн зургаа, долдугаар ангийн сурагчид танхимд онолоор үзсэн хичээлээ бататгаж нэг өдрийг бүтээлчээр өнгөрөөв.
Тэд эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж гол усаа хамгаалах үүднээс тус сумын алслагдсан гэр хороолол болох Тосгоны багийн дундуур урсдаг “Хар ус”-ны эрэг орчмын 10,2 га газрыг цэвэрлэж нийт 24 куб.м хог ачуулжээ. "Эко орчин, эрүүл ахуй", "Гол горхины бүтэц, эко системийг хамгаалах нь" сэдвийн хүрээнд дунд ангийн сурагчид нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцож иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ орууллаа.
Хог хаягдлаас үүдэж гол ус, газрын хөрс бохирдож байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа тэд хэлээд хүн бүрийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсан юм. Тэд зөвхөн бусдыг уриалаад зогсохгүй өөрсдөө үлгэрлэх хэрэгтэйг өөр хоорондоо ярилцан ингэхийн тулд хаанаас, юунаас эхлэх талаараа багш нараасаа бас зөвлөгөө авчээ. Түүнчлэн хар усанд амьдардаг загас жараахай, ондатр буюу заарт харх, нялцгай биетнүүдийн амьдрах орчин нөхцөл, учрах эрсдэл, хор хөнөөлийн талаар ч шинэ мэдлэгтэй болсон байна. Сурагчдыг ийнхүү сайн үйлс бүтээж байгаль экологийн мэдлэгээ дээшлүүлэхэд тус сумын нэг, хоёрдугаар багийн хэсгийн дөрвөн ахлагч болон багийн ИНХ-ын дарга, зургаан зөвлөх багш хамтарч ажилласан байна.
Б.Норовсамбуу