Эрэгтэйчүүдийн кабинетаар үйлчлүүлэгчдийн 50 гаруй хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2,1,11-т аймгийн Нэгдсэн эмнэлэгт ”Эрэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинет”-ыг ажиллуулна гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд 2017 онд эмчийг сургаж бэлтгэсэн ба дээрх кабинетыг 2018 онд байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Эрэгтэйчүүдийн кабинетын эмчээр мэс заслын тасгийн эрхлэгч, бөөр, шээсний зам, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний мэс заслын эмч Э.Балжинням ажиллаж байна.
Э.Балжинням эмчид үзүүлсэн үйлчлүүлэгчдийн 51.1 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг байжээ. Нийт үзлэгийн дундаж нас нь 46.4 байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр бөөрний хорт хавдрын 5 тохиолдол илэрч, нэг тохиолдолд дурангаар бөөр авах мэс ажилбар хийжээ.
2019 онд бөөр шээсний зам,
эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чиглэлээр нийт 72 хүнд 11 төрлийн хагалгаа хийж,
эмчилсэн байна. Мөн шээсний сүв, давсаг, түрүү булчирхайг дурандах оношилгооны
ажилбарыг 124 хүнд хийжээ. Улсын хэмжээнд бөөр шээсний замын өвчлөлийг
дуранддаг зургаан аймаг байдгийн нэг нь Архангай аймаг юм. Энэ нь ч эрэгтэйчүүдэд
зонхилон тохиолдох өвчнийг түргэн хугацаанд оношилж, эмчлэхэд давуу тал болдог
байна.