ХАБЭА-н хууль, тогтоомжийг сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-06 13:55:09

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийн хүрээнд НМХГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөрлөг”-ийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт, стандартын шаардлага хангасан ажлын хувцас хамгаалах, хэрэгсэл, дохио, санамжийн үзэсгэлэн гаргажээ.

2015 онд нийслэлийн хэмжээнд 14 иргэн үйлдвэрлэлийн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Энэхүү нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, УИХ-аас хууль, эрхзүйн хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Өдөрлөгийн хүрээнд эдгээр хууль тогтоомжийг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г. Гантөмөр хэллээ.

Тэрбээр, “Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцөл бүрдэхгүй байна. Хуулийн дагуу бол  аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахдаа ажиллах орчин, нөхцлөөр нь хангах ёстой. Уг нөхцлийг хангаагүй тохиолдолд аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх  төлбөр тавьдаг. Гэхдээ бид аж ахуйн нэгжүүдэд торгууль тавихаасаа өмнө орчин нөхцлийг бүрдүүлэхэд тэдэнд ямар асуудал тулгамдаж байгааг судалж үзэх хэрэгтэй. Өнөөдрийн өдөрлөгөөр ч энэ асуудлаар аж ахуйн нэгжүүдээс санал авах, харилцан ярилцахаар төлөвлөж байна” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻