Дулааны станцад ажиллах хүний нөөцийн судалгааг хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотод барих дулааны станцад ажиллах мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн судалгааг хийж эхэллээ.
Тодруулбал, БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг 2017-2020 онд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж дуусчээ. Үүнтэй холбоотойгоор барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дөрөвдүгээр сараас эхлэн “Эксим” банкнаас тавьсан шаардлагад нийцүүлэн зарлаад байна.
Уг төсөл хэрэгжсэнээр дулааны инженер, шугам сүлжээний инженер, механик инженер, автоматжуулалтын инженер, цахилгааны шугам, сүлжээний инженер, барилгын инженер, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, цахилгааны техникч (мониторинг), шугам сүлжээний засварчин(сантехникч), гагнуурчин мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай тул хүний нөөцийн судалгааны ажлыг хийж эхэллээ хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.
Уг судалгааны бүртгэлийг Говь-Алтай аймгийн ЗДТГ-т явуулж байгаа аж.