ГОВЬ-АЛТАЙ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайдтай 2025 онд хамтран ажиллах гэрээнд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” зохион байгуулахаар тусгагдсаны дагуу энэ өдрүүдэд тус аймагт энэ үйл ажиллагаа өрнөж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын баг тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 13 алба, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 697 бие бүрэлдэхүүн, 47 нэгж техникийн техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг шалгалаа.
Ажлын баг тус аймгийн 13 сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зургаадугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулснаар гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан болзошгүй гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.