Дорноговьд 44633 сонгогч санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль Монгол орон даяар энэ оны зургадугаар сарын 24-ний өглөөний 07.00 цагт эхэллээ.
Монгол Улсын зүүн өмнөд бүсэд оршдог Дорноговь аймгийн хүн ам өнгөрсөн оны жилийн эцсийн статистик мэдээллээр 70014 болж нэмэгдсэн бөгөөд тэдний 44633 нь санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгджээ.
Сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн хайрцгаар 397 иргэн санал өгөхөөс 379 сонгогч санал өгчээ. Энэ удаагийн сонгууль "Covid-19" цар тахлын үед онцгой дэглэмийн дор болж буй бөгөөд санал өгөх байрыг урьдчилж ариутгасан бол санал өгөхөөр ирсэн иргэдийн биеийн халууныг хэмжиж, нэг удаагийн бээлий олгож байна.
Аймгийн хэмжээнд 59 санал авах байр ажиллаж байгаа бол нам эвсэл, төрийн бус байгууллагын 610 иргэн сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж байна.
Дорноговь аймагт хоёр мандатын төлөө нам эвсэл, бие даагчдын төлөөлөл болсон 12 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.