“Хүүхдийн ертөнц-2016” уралдаанд 81 бүтээл шилдгээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-11 14:08:35

Монголын зураачдын эвлэл болон “Болор сан”-гаас санаачлан зохион байгуулсан “Хүүхдийн ертөнц-2016”  уран зургийн улсын уралдааны дүн гарлаа.

Уралдааныг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны сурагчдын дунд хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйн авъяаслаг уран бүтээлчийг тодруулах зорилгоор зарласан юм.

Уралдааны бүтээлийг мэргэжлийн зураач, багш, урлаг судлаачаас бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй шүүж, гурван насны ангилал тус бүрт Гран при нэгдүгээр байрт 1, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 3, тусгай байрт 20 бүтээл буюу нийт шилдэг 81 бүтээл шалгаруулав.

Ахлах насны ангилалд Монгени сургуулийн 10е ангийн сурагч Д.Ариунаа “Хөдөөний агаар” бүтээлээр нэгдүгээр байр, 6-9 насны ангилалд Эрдмийн оргил сургуулийн 2.2 ангийн сурагч Э.Ерөөлт “Үндэсний уламжлал, хурдан морь” бүтээлээр нэгдүгээр байр, 10-14 насны ангилалд /Ирээдүйн Монгол ТББ-аас оролцож буй 5в ангийн сурагч З.Мөнхцацрал “Хөдөөгийн баясгалан” бүтээлээр нэгдүгээр байр тус тус эзэллээ.

Шалгарсан бүтээлүүдээр ирэх сарын 01-нд Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргаж шагналыг гардуулах юм.

Ангилал тус бүрийн эхний 3 байрт шалгарсан 18 сурагч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэхээс гадна “Авьяас” алтан медалийн эзэн болж, Найрамдал төвд амрах, Төрийн ордонтой танилцаж, Чингисийн талбайд уран бүтээлээ толиуулна.

Мөн эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагчдад МУБИС-ийн Дүрслэх урлагийн анги, СУИС-ийн ДУС-д элсэн суралцах эрхийн бичиг олгох юм. Түүнчлэн сурагчдаа удирдаж оролцсон шилдэг 3 багшид өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж. 

Уралдааныг анх 1962 оноос зохион байгуулж эхэлснээс хойш 1990 оныг хүртэл Ардын Боловсролын Яам, МХЗЭ-ийн Төв Хороо, Хүүхдийн төлөө фонд, МПБ-ын төв зөвлөл, МУЭ хороо  зэрэг байгууллага жил бүр дэмжин оролцож байв.

Үүнээс хойш 24 жилийн дараа буюу 2014 онд дахин сэргээж 2 жил тутамд зохион байгуулдаг болжээ.

Ж.Болор

相关新闻