Төрсөн нутаг, уул хайрханаа тахилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬМонгол Улсын 15 дахь Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул. Тэрээр тавдугаар сарын 11-нд өөрийнхөө төрсөн нутаг Иххэт сумын Мааньт хайрханыг тахиж нутгийн зон олныхоо дунд бяцхан наадам хийлээ.
Мөн Их нас, хязаалан, даага зэрэг гурван насны морь уралдуулахад Иххэт сум, Айраг, Алтанширээ, Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр зэрэг сумаас уяачид хурдан морьтойгоо ирж оролцсон байна.
Их насны морьдын уралдаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уяач Д.Тэгшдэлгэрийн буурал түрүүлсэн бол хязаалан насанд Иххэт сумын уяач Д.Эрдэнэхүүгийн хүрэн халзан магнайлав. Харин хурдан дааганы уралдаанд Айраг сумын уяач Б.Батсайханы бор халзан даага түрүүллээ. Түрүүлж айрагдсан морьдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
Буурал сайд энэ үеэр нутгийн хөгшчүүлтэй хөөрөг зөрүүлж нутгийн түүх домог хийгээд өөрийн амьдралынхаа талаар хуучилж нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ.
Х.Эрдэнэбулган