Сурагчийн дэвтрийн хавтсанд гар угаах зөвлөмжтэй зурагт хуудсыг хэвлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
sodonizm@gmail.com
2020-08-05 12:28:46

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Сурагчийн дэвтрийн хавтасны эхний хуудсанд гар угаах дараалал, заавар зөвлөмжтэй зурагт хуудсыг хэвлэж, сурагчдын гар дээр хүргэхэд бэлэн болжээ.


Энэ нь цар тахлын энэ үед бага ангийн сурагчдыг халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн дадал зуршил болох гар угаах дараалал, заавар зөвлөмжийг сурагчдад сурталчилах, ач холбогдолыг ойлгуулах зорилготой юм. Уг дэвтрийг бага насны хүүхдийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлж хөх, ногоон, улбар шар, цагаан өнгийн хавтастай хэвлэжээ.


Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан энэхүү зурагт хуудсыг бүтээхэд “Ус ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв ”WASH Action" ТББ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж хамтран оролцсон  байна.  “Улаанбаатар принт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчийн дэвтэртээ зурагт хуудсыг хэвлэн хамтран ажиллажээ.


Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 9 дүгээр сарын 1-нд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарган бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

相关新闻