“Алтаргана-2016” наадам Улаан-Үд хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-05-16 13:58:05

Өнөөдөр "Монгол Ньюс" компанийн Мэдээллийн төвд “Алтаргана-2016” олон улсын бүх буриадын XII наадмын тухай тус наадамд бэлтгэн зохион байгуулах Үндэсний хорооноос мэдээллээ.

Буриад зоны их наадам “Алтаргана-2016” энэ жил ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд зохион болно. Одоогоос 22 жилийн өмнө анх Хэнтий аймгийн Дадал суманд буриад дууны наадам нэртэй зохиож байсан “Алтаргана” наадам жилээс жилд өргөжсөөр олон улсын чанартай болж Монгол, ОХУ, БНХАУ-д оршин суугаа төдийгүй Европ болон АНУ-аас буриадууд ирж оролцож буриад түмний дуу хуур, ёс заншил, гар урлал, эрийн гурван наадмаас эхлэн олон төрлөөр ур чадвар, авьяас билэг, хурд хүчээ сорин өрсөлддөг юм.

Уг наадамд бэлтгэх Зохион байгуулах үндэсний хорооны дарга С.Билэгсайхан, “Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Хөвсгөл аймагт “Алтаргана” наадамд сонгон шалгаруулах уралдаан тэмцээнийг зохион байгуулж тодруулсан. Улаан-Үд хотноо болох “Алтаргана-2016” наадам нь “Буриад хүний нэг өдөр” ардын аман зохиолын хамтлагийн уралдаан, Буриад ардын дуу дуулаачдын уралдаан, үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан, Ардын гар урлалын үзэсгэлэн, “Дангина” гоо бүсгүй шалгаруулах уралдаан, “Нандин бууц” буриадын амьдрал, аж ахуйг харуулах уралдаан, Буриад яруу найргийн наадам, бөх, сур зэрэг 20 гаруй төрлийн уралдаан, тэмцээн, цэнгүүн наадмыг ОХУ-ын Буриад улсын Тэргүүлэгчийн газар, Засгийн газраас удирдаж Буриадын Соёлын яам гардан зохион байгуулна. Мөн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Манай улсаас оролцох төлөөлөгчид өндөр зохион байгуулалтай оролцоно” гэв.

Д.Өлзий

相关新闻