Эдийн засгийн коридор байгуулахыг чухалчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХятадын Олон улсын эдийн засгийн харилцааны төв 75 дахь удаагийн эдийн засгийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Салбарын эрдэмтэд Хятад, Монгол, Орос гурван улс эдийн засгийн коридор байгуулснаар эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам нээлттэй болно хэмээн үзэж буй юм. Эдийн засгийн коридор нь Хятад улсын “Торгоны зам”, Орос улсын “Ази Европыг холбосон төмөр зам”, Монгол Улсын “Талын зам” санаачлагуудыг харилцан уялдуулан 3 талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгох явдал юм. Хятадын Гадаад харилцааны институт, Олон улсын эдийн засгийн харилцааны төв, Олон улс судлалын хүрээлэнгийн судлаачдаас гадна Синьхуа агентлагийн сурвалжлагч нар дээрх хэлэлцүүлэгт оролцов. Монгол орон газрын тос зэс, нүүрсний нөөцөөрөө, ОХУ-ын Сибир нь нефть байгалийн хий, ойн модоор баялаг. Энэ чиглэлээр дээрх хоёр улстай хамтын ажиллагааг хөгжүүлснээр байгалийн баялгийн хомсдлыг шийдэх ач холбогдолтой юм хэмээн судлаачид үзжээ. Хятад, Оросын худалдааны бараа эргэлтийг өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Энэ жил хоёр улсын худалдааг 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн ч энэ нь биелэхэд хүнд байгааг судлаачид хэлж байна. Мөн гурван улсын худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өсч буй ч чанарт анхаарах хэрэгтэйг дурдлаа. Тухайлбал, Монголд Хятадын 6000 орчим ААН бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаг нь 200-300 орчим бий хэмээн Синьхуа агентлагийн Улаанбаатарт дахь сурвалжлагч онцолжээ.
Бээжин хот.Б.Энхчимэг
注释