Тусгай замын автобус төслийг хэрэгжүүлэхэд 247 сая ам.доллар зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотын замын хөдөлгөөны ачааллыг судлах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран өнөөдөр буюу энэ сарын 17-ны 09.00 цагаас 21-ны 21.00 цаг хүртэл “Өрхийн зорчилтын судалгаа”-г гар утасаар дамжуулан авах болжээ.
Судалгаанд нийслэлийн хүн амын 0.5 хувь буюу 8000 иргэн хамрах бөгөөд түүврийн аргаар сонгох аж. Судалгаанд идэвхтэй оролцсон иргэдийг 5000 нэгжээр урамшуулах юм байна. Энэ нь улс төр, сонгуультай огт холбоогүй бөгөөд судалгаанд оролцсон иргэдийг урамшуулах зорилготой гэдгийг АХБ-наас онцлов. Судалгаагаар иргэдийн зорчих урсгал, автозамын түгжрэл, ажил, хүүхдийн сургууль болон гэрийн хооронд явах хугацаа зэргийг нарийн тогтоох аж. Энэхүү судалгаа нь НЗДТГ, АХБ хамтран хэрэгжүүлж буй “BRT” буюу Тусгай замын автобус төслийн суурь болно хэмээн “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” техникийн туслалцааны багийн ахлагч Мартин Керриж хэллээ.
Тэрбээр, “Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор “BRT” төслийг хэрэгжүүлэх болсон. Төслийн хүрээнд автобус зорчих тусгай зам барих, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц барих зэрэг ажлын хийнэ. Үүнд нийт 274 сая ам.доллар зарцуулах юм. Одоо төслийн суурь судалгааны ажлуудыг эхлүүлж байна. 2017 онд дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, 2018 оноос тусгай замын автобусыг үйлчилгээн нэвтрүүлнэ” хэмээв.
Тусгай замын автобусыг эхний ээлжинд “Буянт-Ухаа спорт цогцолбор-Энхтайваны гүүр”, “Доржийн гудамж-Хорооллын эцэс”, “Нарны зам”, “Эхтайвны гүүр-7 буудал” чиглэлд явуулахаар төлөвлөж байгаа аж. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд 2-3 дахин нэмэгдэнэ тооцооллыг урьдчилсэн ТЭЗҮ-ээр гаргажээ. Судалгааны үр дүнг ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэх болно хэмээн Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хэллээ.
Ч.Ариунболд