Бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийг цахимаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-10 18:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ манай улсад “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, бүртгэлийн системийг боловсронгуй болгох" төслийг хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд анх 50 нэгжийг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж байсан бол өнөөдөр 180 гаруй нэгжийг холбоод байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр АХБ-ны Монгол дахь дэд захирал бөгөөд суурин төлөөлөгчийн орлогч, төслийн удирдагч Деклан Магийтай цахимаар холбогдох үеэр мэдэгдлээ. Дээрх байдал нь улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилт иргэдэд үзүүлэх үйлчилгээг тогтвортой, чанартай, шуурхай байх гэсэн зарчмыг хангаж буйг онцлов. 

2018 онд эхлүүлсэн төслийг өргөжүүлэн нэмэлт санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн төслийн удирдагч Деклан Магий болон төслийн багт талархал илэрхийллээ. Нэгжүүд буюу алслагдсан сум, дүүргүүд сүлжээнд холбогдсоноор харьяалал харгалзахгүй үйлчилгээг авч байгаа нь бидний хамтран хэрэгжүүлж буй төслийн зорилго үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм гэв. 


Төслийн удирдагч Деклан Магий, төслийн эхлэл, хэрэгжилтийг сайн мэддэг хүн УБЕГ-ын даргаар томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр, сүүлийн 2 жилд АХБ-ны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулахдаа, хууль эрх зүйн хүрээнд 29 журам, 58 эрх зүйн актыг хамтран боловсруулсан. Энэ хугацаанд Улсын бүртгэлийн багц хуулийг олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс англи хэл рүү хөрвүүлэх, улсын бүртгэлийн байгууллагын вэбсайтыг шинэчлэх, мөн иргэний улсын бүртгэлийн төрөлт, нас баралт, иргэдэд мэдээлэх системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээ мэдээллээ.

Цахим уулзалтаар Монгол Улсын бүртгэлийн байгууллагад техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй дээрх төслийн явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон талаар УБЕГ-аас мэдээллээ.


相关新闻