Дэлхийн театрын боловсролын II чуулган болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-05-19 15:56:54

Өнөөдөр СУИС-ийн "Оюутан" театрт "Дэлхийн театрын боловсролын II чуулган", "Азийн театрын сургуулиудын IV наадам”-ын талаар Азийн театрын боловсролын төв /АТЕС/-өөс мэдээлэл хийж танилцуулав.

Энэхүү хэвлэлийн бага хуралд ЮНЕСКО-гийн Олон улсын театрын институтийн захирал А.Апостолидес, ОУТИ-ийн захирал, Хятадын драмын төв академийн хүндэт профессор Т. Бианконе, АТЕС-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы иргэн Тода Мунехиро, СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтөгс тэргүүтэй төлөөлөгчид оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. АТЕС-ийн гишүүн СУИС-ийн санаачилгаар манай улсад анх удаа болж байгаа чуулган болон наадмын үндсэн бэлгэ тэмдгээр үхэшгүй мөнхийн цагаан уул цэцгийг сонгожээ. Улаанбаатарын чуулган, наадамд оролцохоор гадаадын 200 гаруй оюутан залуус, профессор багш 17 орны эрдэмтэн судлаач ирээд байна. Мөн СУИС-ийн багш, оюутнуудаас гадна орон нутгаас 200 орчим театрын найруулагч, менежер, ажилтнууд иржээ.

Энэхүү II чуулганы хүрээнд энэ сарын 18-23-нд Улаанбаатар хотноо АТЕС-ийн ерөнхий чуулган хуралдаж, АТЕС-ийн гишүүн театрын сургуулийн удирдлагуудын уулзалт болно. Мөн “Нийгэмд чиглэсэн театр: Сонгодог жүжгийг тайлан тайлбарлахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар театрын урлагийн олон улсын нэр хүндтэй судлаач, эрдэмтэн профессорууд сонгодог бүтээлийг өөрийн орны хөрсөн дээр буулган нутагшуулж буй байдал, сургалтад хэрхэн хэрэглэж байгаа, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгсэл болгон ашиглах боломж зэрэг олон асуудлаар нийт 17 илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

Харин Азийн театрын сургуулиудын IV наадмын хүрээнд орон орны театрын сургуулийн багш оюутнуудын жүжиглэх ур чадвар, найруулах урлаг, тайзны хөдөлгөөн, дуу хоолой, яриа, гэрлийн дизайн сэдвээр нээлттэй хичээл, лекц, сургалт зохион байгуулна. Сургалтыг герман, австри, солонгос, монгол, кипр, малайз, сингапур багш нар удирдана. Гишүүн сургуулиудын тоглох 8 жүжгийг олон улсын нэр хүндтэй 9 шүүгч шүүж байр эзлүүлэн дүгнэнэ. Энэ удаагийн чуулган болон наадмын дараа тайланг эмхэтгэн англи, хятад, монгол хэлээр хэвлэн гаргах юм.

Энэхүү хэвлэлийн бага хуралд оролцсон ЮНЕСКО-гийн Олон улсын театрын институтийн захирал А.Апостолидесээс Монгол оронд, СУИС-д анх удаа зочилж буй сэтгэгдлийг нь сонирхсон юм. Тэрбээр, “Монгол оронд ирнэ гэдэг миний мөрөөдөл байлаа. Энэ мөрөөдөл биелж байгаад тун таатай байна. Дөнгөж ирээд нэг хонож байгаа болохоор одоо сэтгэгдлээ хэлэх хараахан болоогүй байна. Энэ өдрүүдэд олон мартагдашгүй дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байгаа. Би монголын гурван жүжгийг л үзсэн. Тэднээс нэг нь маш онцгой содон байсан шүү” гэв.

Д.Өлзий

相关新闻