Өмгөөлөгчдийн ёс зүйн дүрмийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-03 17:45:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Их хурал өнөөдөр болж, холбооны дүрмийн төсөл, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагын төсөл, мөн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төслийг тус тус хэлэлцэж байна. 

Их хурлаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны дүрэм журмыг баталж, улмаар үйл ажиллагаа жигдэрснээр өмгөөлөгч нарт аливаа албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч, улс төрийн нам, хуулийн этгээд дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, заналхийлэх, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх баталгааг хангах боломж бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа Их хурлын нээлтэд оролцсон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцоллоо.


Дотоод хэргийн их сургуульд өнөөдөр эхэлсэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Их хуралд 270 гаруй өмгөөлөгч оролцож байна.Их хурлаар холбооны дүрэм журмыг баталснаар өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөл илүү сайжирч үүрэг, хариуцлага нь тодорхой болохыг өмгөөлөгчид хэлж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг сонгосноор Их хурал дуусах юм. Холбооны ерөнийлөгчид өмгөөлөгч Г.Наранбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, "Ананд Адвокатс" ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлжээ. 


Тодруулга: Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлжээ. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж иржээ.

УИХ 2019 онд Өмгөөллийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн өмгөөлөгчид тавих шаардлага, шалгуур, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, уг хуулийг илүү боловсронгуй болгожээ.


相关新闻