Автозамуудад өргөтгөл, шинэчлэлийн ажил хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-21 16:17:45

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн учраас зарим замыг түр хугацаагаар хаагаад байна.

Үүнд Хан-Уул дүүргийн Нисэхийн уулзвараас урагш 250 м авто замыг  өчигдөр буюу энэ сарын 20-ны 22.00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл хааж хучилт хийж байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4”, Ч:15 ”Нисэх-Сонсголон-3 дугаар эмнэлэг” чиглэлд өөрчлөгдөлт оруулжээ. Тухайлбал, Ч:7, Ч:9, Ч:15 чиглэлийн их багтаамжийн автобусууд 7-р сургууль болон  Нисэхийн эцэс хүртэл явах боломжгүй тул “Буянт-Ухаа 1” хороолол хүртэл явахыг иргэдэд мэдэгдэж байна.

Түүнчлэн Их Монгол улсын гудамжны  авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдрийн 23:00 цагаас 22-ны 23:00 цагийн хооронд түр хязгаарлаж хаа, хучилтын ажлыг хийж байна.

Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд мөн өөрчлөлт орсон. Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болохыг иргэд, зорчигчдод  мэдэгдэж байна.

Ч.Ариунболд

相关新闻