“Хүүхдэд ээлтэй хот” үнэлгээний  аргачлал, загварыг боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-24 10:22:46

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй хотын санаачилга”-ыг нийслэлийн удирдлагууд дэмжин, “Хүүхдэд ээлтэй хот” үнэлгээний  аргачлал, загварыг боловсруулсан талаар НЗДТГ-аас мэдээлэв.

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд багачуудыг хүчирхийллээс сэргийлэх, хүүхдэд чиглэсэн төсөл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг НИТХ-аас баталсан. Уг хөтөлбөрийг баталснаар энэ оны 2 дугаар сараас эхлэн сар бүрийн сүүлийн 7 хоногийн Ням гарагийг "Гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Мөн хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эрхийг хамгаалж, хүүхэд, гэр бүлтэй ажилладаг  мэргэжилтнүүдийг чадвахижуулах зэрэг томоохон ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд өсвөр үеийнхний дунд  “Сэтгэлийн үндэс” сайн үйлсийн хөдөлгөөн өрнүүлэх, Хүүхдийн утас 108-ын хариу үйлчилгээг 152 хорооны хамтарсан багаар үзүүлэх “108х152” төслийг хэрэгжүүлэх, Зорилтот бүлгийн хүүхдийн эрхийг хангаж, хөгжлийг дэмжих “Сэтгэлийн гал” төслийг хэрэгжүүлэх, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд итгэл урам зориг өгөх “Хүслийн захидал” төслийг хэрэгжүүлэх болжээ. Мөн хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд байгуулага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд чиглэсэн уран бүтээлийг дэмжих, “Хүүхдэд ээлтэй хот” үнэлгээний аргачлал, загварыг боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Ч.Ариунболд

相关新闻