Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-11-05 14:05:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайдын зөвлөл бүрдэж, анхдугаар хуралдаанаа эхлүүллээ.

 

Хуралд Соёлын сайд С.Чулуун яамны шинэ бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан юм. Засгийн газраас Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Нийт 11 нэгжтэй, долоон газартай бөгөөд Тэргүүлэх урлаг, уран бүтээлийн бодлогын газар, Соёлын өвийн газар, Соёл, гэгээрлийн газар гэсэн гурван гол газарт тулгуурлан ажиллах аж.

 

Харин Сайдын зөвлөлд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, “Чингис хаан” одонт, СГЗ Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, СГЗ, бурханч лам Г.Пүрэвбат, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ, дуучин Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, МУГЖ, дуучин, продюсер Б.Дашдондог, доктор, профессор Э.Сонинтогос, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал, СГЗ, нэвтрүүлэгч Д.Цоодол, МУГЖ Н.Онон, “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар, найруулагч Б.Баатар нарын соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, уран бүтээлч, эрдэмтэн судлаачид багтжээ.

 

Тус хурлаар салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэж буй Соёлын болон Киноны тухай, мөн Музейн тухай хуулийн төслийг танилцуулах юм.

 

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров ярихдаа,Соёл урлагийн асуудлыг Засгийн газрын түвшинд нэг бодлогоор, нэг чигээр авч явах үндсэн бүтэц бүрэлдлээ. Бидэнд хэд хэдэн асуудал чухлаар тавигдаж байна. Нэгдүгээрт, соёлын өвийн асуудал чухал. Соёлын өв гэдэг нүүдлийн иргэншлийн гол гол зүйлийг үнэн чанартаа орхигдуулсан. Монголчуудын түүхийн үнэт зүйл зэс, нүүрс шиг газрын хөрсөн доор байна. Өнөөдөр Чингис хааны биет баримт байхгүй гэж ярьдаг. Энэ бүхэн газар дор байгаа гэж найдаж байна. Үүнийг илрүүлэх, судлах, хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, урлагийн бодлогын асуудлыг ярьдаг. Урлагийг удирдаад явах хэрэггүй, урлаг өөрийн жамаар явдаг. Гуравдугаарт, нийгмийн соён гэгээрлийн асуудал. Соёлын талаар 30 жилийн өмнө шинэ үнэт зүйлийн баримжаа руу орох ёстой байсан. Гэтэл энэ үнэт зүйлээ өнөөдрийг хүртэл барьж авч чадаагүй. Тиймээс тусгаар тогтнолын баталгаа болсон соёлын үнэт зүйл, иргэний соёлын хүрээг өргөжүүлэх асуудал нэн чухал. Иргэд Үндсэн хуулиараа эрхээ илүү тунхаглаж ирсэн. Хэрвээ хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж ярьж байгаа бол хүний эрх, үүрэг 50, 50 хувьтай гэж үзвэл эрх нь бараг 80,90 хувь, үүрэг нь бага хувьтай байна. Тиймээс үндэсний дархлааг бэхжүүлэх, улс орныхоо чухал асуудалд иргэний үүргийг дээшлүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, Монголын соёл урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, орон зайгаа тэлэх хэрэгтэй. Тавдугаарт, монголчууд дэлхийн бусад оронд соёл, хэл, шинжлэх ухаанаараа нөлөөлж чадсан уу гэдэг асуудал чухал. Их Монгол Улсын үеэс монголын соёл дэлхийг хөтөлж байсан цаг үеийг судалж дэлхийн улс орнууд бүрэлдэн тогтохдоо монголын соёл, монгол ухааныг хэр зэрэг авч вэ гэдгийг судалж үзэх ёстой. Энэ чиглэлээр Соёлын яам нэлээн ажил зохион байгуулах ёстой” хэмээсэн юм.

 

Соёлын зөвлөлийн анхдугаар хурал үргэлжилж байна.


相关新闻