Дугуй түгжих журмыг хууль бус гэв
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хууль бус болохыг тогтоосон хэмээн ШӨХТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.
ШӨХТГ нь дугуй түгжихтэй холбоотой асуудлаар иргэдээс ирсэн гомдлын мөрөөр "Шударга төрийн төлөө", "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо" зэрэг ТББ-тай хамтран тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдийг өмгөөлөх, хохирлыг нөхөн барагдуулах ажлыг зохион байгуулсан билээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2015 оны 2 дугаар сарын 28-ны бадлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар хураан авч, иргэдэд онц хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоожээ. Тус газрын байцаагчийн энэхүү дүгнэлтийг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор баталсан "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд НИТХ-ын 98 дугаар тогтоолоор баталсан "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хууль бус гэсэн шийдвэр гаргасан байна.
Ж.Батсайхан
注释