Дэлхий дээрх цорын ганц цагаан анааш цахим им тэмдэгтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-11-19 10:48:22

ЛОНДОН. /BBC/. Кенийн зүүн хойд хэсгийн дархан цаазат газарт нутагладаг дэлхий дээр цор ганц үлдсэн цагаан анаашийг хулгайн анчдаас хамгаалахын тулд цахим им тэмдэг суулгажээ.


Хянах төхөөрөмжийг 11 дүгээр сарын 8-нд анаашны оссиконуудын нэгэнд нь (анаашны эвэр) суулгасан гэж “Ishaqbini Hirola” төрийн бус байгууллага мэдээлжээ. Кенийн дархан цаазат газрын зэрлэг ан амьтдыг хянадаг тус байгууллагын төлөөлөгчдийн ярьснаар, байршил тогтоох төхөөрөмж нь анаашны байрлалыг цагт нэг удаа шинэчилж, байгаль хамгаалагчдад энэхүү хосгүй амьтныг хулгайн анчдаас хамгаалахад туслах аж. Цахим им тэмдгээс ирсэн дохио хиймэл дагуул руу очиж, байгаль хамгаалагчид амьтны хөдөлгөөнийг хянах юм.


Энэхүү эр анааш нь альбинос биш, харин арьс нь толбо ялгаруулахаа больдог лейкизм хэмээх ховор тохиолддог генийн эмгэгтэй төрсөн байна. Дэлхийд гуравхан байсан цагаан анаашны эмийг нь долоон сартай тугалтай нь хулгайн анчид өнгөрсөн гуравдугаар сард агнажээ.


Цагаан анааш анх 2016 оны гуравдугаар сард Кенид үзэгдсэн бөгөөд жилийн дараа тус улсын Гарисса мужийн дархан цаазат газарт тугалтай цагаан эм анаашны гэрэл зургуудыг авсан байна.


相关新闻