“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГӨнөөдөр Монголын Үндэсний музейд “Хаданд мөнхөлсөн урлаг: түүх, ойллого, ярилцаан” олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн тус музейд нээлтээ хийж олны хүртээл болгож байна.
Монголчууд хүн төрөлхтөний олон мянган жилийн түүхт хосгүй өвийг хадгалж ирсэн билээ. Монгол Улс 2012 онд “Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-д буюу дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн юм. Монгол орон хүн төрөлхтний түүх соёл, урлагийн хосгүй өвийг хадгалсан хадны зургийн дурсгалаар нэн баялаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд 500 гаруй цогцолбор хадны зураг байдгийг илрүүлсэн. Эрдэмтэд хадны зургийг хүн төрөлхтөний оюуны бүтээл хэмээн үздэг. Дэлхийн соёлын өвд 20-иод орны 34 хадны зураг бүртгэгджээ.
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 17 км урттай, 8 км өргөнтэй “ДЭЛ УУЛ” -ын хад болгон дээр олон мянган жилийн өмнөх хүн төрөлхтөний түүх, урлаг, оюуны болон эдийн соёлын үнэт дурсгалууд сийлээстэй байдаг. Тухайлбал, үрэл зэвсгийн үеийн 3000 гаруй хадны дүрс зураг, 20 гаруй дөрвөлжин булш, руни бичгийн 4 төрлийн бичээс, Монгол нутгаас олдсон хамгийн эртний бичээс болох 665 оны Түрэг болон Хан улсын түүхэнд холбогдох нангиад буюу хятад бичиг, уйгаржин, Түвд бичгийн дурсгалууд байдаг.
Дэл уулын дурсгал нь эрт үеийн хүмүүсийн аж төрөх ёс, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн түүхийн няцаашгүй баримт болж үлдсэн энэхүү гайхамшигт дурсгалаас дээжлэн Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгээр энэ сарын 27-31-нд олон түмэндээ дэлгэн үзүүлж байгаа юм.
Д.Өлзий