Далд орлогоо ил болгосон этгээдийг хариуцлагаас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-28 15:30:30

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг УИХ-аас  өнгөрсөн наймдугаар сарын 7-нд баталсан. Сангийн яам болон холбогдох яамд уг хуулийн  хэрэгжилтийг  хангахаар ажиллаж буйгаа сэтгүүлчдэд дуулгалаа.

 Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн  зорилго нь  татварын баазыг тэлэх, бүртгэлийг сайжруулах, сүүдрийн эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд шударгаар үйл ажиллагаа явуулах боломж олгоход чиглэж буй юм. Түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадахгүй байгаа, бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгон, мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас чөлөөлөхөөр дээрх хуулинд заажээ.

 Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан ярихдаа,  "Аж ахуйн нэгж, иргэдийн нуусан орлогыг ил болгох боломжгүй байсан. Гадна, дотны санхүүгийн байгууллагуудын судалгаанаас үзвэл далд эдийн засаг 30 гаруй хувьтай  гэсэн мэдээлэл бий. Тиймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль далд эдийн засгийг ил болгоход түлхэц үзүүлнэ. 2007 онд  25 мянган аж ахуйн нэгж байснаас 8 мянга нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамарч, бүх тайлангаа засч далд хөрөнгөө ил болгосон. Ингэснээр 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон юм. Энэ нь улсын төсвөөс  хоёр дахин их хөрөнгө ил болж байв” хэмээн онцлов.

Дээрх хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд ирэх сарын 1-нээс эхлэн 12 дугаар сарын 31-нийг хүртэл нуун дарагдуулсан хөрөнгөө зохих журмын дагуу мэдээлэх боломжтой юм байна. Уг ажлыг хангах зорилгоор Татварын ерөнхий газраас www.iltod.mta.mn вэб сайтыг ажиллуулж эхэлжээ. 

 Б.Заяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻
注释