Нүүрс тээвэрлэдэг 5000 жолоочийг шинжилгээнд хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуунсухайт боомтоор энэ сарын 23-нд нүүрс тээврийн 211, зэсийн баяжмалын 95 тээвэр, Шивээхүрэн боомтоор нүүрсний 216 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрчээ.
Цаашид 5000 орчим жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулах аж.
БНХАУ-ын тал нүүрс тээврийн жолоочдыг хил нэвтрэх үед короновирусний шинжилгээнд хамрагдсан байхыг шаардсан. Шуурхай ажлын хэсэг, эмч, эмнэлгийн ажилчид хилийн бүсэд эхний ээлжинд 854 жолоочийг шинжилгээнд хамруулж хил нэвтрэх боломжийг бүрдүүлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
УОК-ын даргын тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой,
Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, Гашуунсухайт,
Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас
урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай
арга хэмжээ авч, нэгдсэн удирдлагаар хангахаар УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан
ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа юм.