Тусгай хамгаалалтад 800 мянган га талбайг авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн 940 мянган га талбайг тусгай хамгаалалтад авах зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд газар нутгийг шинээр тусгай хамгаалалтад авах ажлуудыг шат дараатай зохион байгуулан өнөөдрийн байдлаар зорилтот талбайн 86 хувийг буюу 808 мянган га газрыг тусгай хамгаалалтад аваад байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Тодруулбал, 2020 оны 4 дүгээр сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дэлгэрэх уулыг тусгай хамгаалалтад авсан бол Хужиртын-Идэрийн голыг өнгөрсөн 10 дугаар сард орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Долооны хоолой, Эдрэнгийн нуруу, Цагаан дэрсний нуруу, Хүрэн цав, Хонгорын нуруу, Цагаан-уул хайрхан, Шир булагт, Зармангийн хооолой, Хараат хайрхан Цогт сумын нутаг Гичгиний нуруу, Баянтооройн бүрд, Баянхонгор аймгийн Баянцагааны нуруу зэрэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байгаа юм.
Дашрамд
сонирхуулахад, Монголчууд эрт дээр үеэс байгалийн
үзэсгэлэнт газар, ховор амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө
эртний хосгүй уламжлалтай билээ. Энэ асуудлыг төрийн бодлогодоо тусгаж өндөр ач
холбогдол өгдөг байсан талаар онцлон дурдахад, Чингис хааны “Их засаг” хууль,
Ойрадын цааз болон 16-р зууны үеийн хууль цаазат бичиг “Халх журам” зэрэг
Монгол улсын хууль тогтоомжуудад нарийн тусгасан байдаг. “ Халх журам”–д
Богдхан уул, Хан Хэнтий, Хөгнөхаан, Жаргалтхаан, Баян, Суман, Улаан, Төвхөнхаан
зэрэг байгалийн үзэсгэлэнт 14 ууланд ан агнах, газар хөндөх, мод огтлохыг
хориглож байв. Тэнгэрийг тэтгэсний 44 дүгээр он буюу 1778 онд Богдхан уулыг
албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн 28 амыг цагдаатай болгож нутаг дэвсгэрт
орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог байжээ.
Мөн 1818 онд
Отгонтэнгэр, Булган уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байв.
1911 онд Богдхаант Монгол Улсыг тунхагласны дараа Богд уулыг “Богд хайрхан уул”
гэж нэрлэн, уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ.
Оросын эрдэмтэн
И.Д.Лаптаев: ”Монголчууд байгальтай харьцах талаар Европчуудаас олон зуун
жилээр түрүүлсэн байлаа…” хэмээн бичиж байжээ.
Харин 1950-иад оны үеэс
газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах дэс дараатай арга хэмжээ авч эхэлсэн
юм. Тухайлбал: 1957 онд Батхаан, Нагалхаан, 1965 онд Урантогоо-Тулга–Жалавч,
Булган уул, Ёлын ам, Лхачинвандад уул зэрэг газруудыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар дархан
цаазтай болгосон байна. Мөн 1975 онд говийн байгаль, ховор амьтдыг хамгаалах
зорилгоор Говийн их дархан газар, 1977 онд Хөх сэхийн нурууг тус тус дархалжээ.
“БНМАУ-ын дархан газрын дүрэм”-ийг 1975 онд
баталсан юм байна. 1991 онд Засгийн газраас “Тусгай хамгаалалттай газрын дүрэм”
батлан, тусгай хамгаалалттай горим, дэглэмийг тодорхойлж, улсын тусгай
хамгаалалттай газар нутгийг 4 ангилалд оруулсан нь улсын тусгай хамгаалалттай
газар нутгийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх эхлэл болжээ. 1997 онд “Улсын тусгай
хамгаалалттай газар нутийн орчны бүсийн тухай” Монгол Улсын хуулиуд шинээр гарч
улмаар 1995 онд дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын нийтлэг болон
тусгай горимыг Засгийн газар, 1998 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн
үндэсний хөтөлбөр”-ийг УИХ батлан гаргаж мөрдүүлснээр тусгай хамгаалалттай газар
нутгийн талаархи эрх зүйн үндэс үндсэндээ бүрдсэн байна.
Тусгай
хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилт нь
байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал,
амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг
хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар
нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах,
хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.