Өндөр уулын бүс дэх мөсөн гол, ургамлын төрөл зүйлийн судалгааг цахимаар танилцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны өндөр уулын бүс дэх мөсөн гол, ургамлын төрөл зүйлийн талаар хийсэн судалгааны ажлын үр дүнг эрдэмтэн, судлаачид "Олон улсын уулын өдөр" /2020.12.11/-ийг тохиолдуулан цахимаар хэлэлцүүлсэн байна.
Олон улсын уулын өдрийг дэлхийн улс орнууд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр уламжлал ёсоор тэмдэглэдэг. Олон улсын уулчдын холбоо ОУУХ /UIAA/-ноос энэ жилийн "Олон улсын уулын өдөр"-ийг ”Өндөр уулын биологийн олон янз байдал” уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.
Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн
нэрэмжит Говь-Алтай аймгийн Тонхил
сумын “Сутайн бор” уулчдын клубээс санаачлан, МУҮХ-той хамтран “Өндөр уулын биологийн олон янз байдал” цахим хэлэлцүүлгийг энэ өдөр
амжилттай зохион байгууллаа.
“Сутайн бор” клубээс 2016 оноос эхлэн ийнхүү 5 дахь жилдээ энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж байна. Өмнөх жилүүдэд "Олон улсын уулын өдөр"-т зориулсан мэдээ мэдээллийг олон нийтэд зориулан түгээж, сурталчилахад голлон төвлөрч байв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед нийгмийн хариуцлагын хүрээнд тус клубээс нийгэмд хувь нэмрээ оруулахыг хичээж тус цахим хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын өндөр уулын бүсэд оршдог Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн уулчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, ус цаг уурын станц, аялал жуулчлалын компаниуд, байгаль хамгаалагч, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг Монголын уулчдын үндэсний холбоо/МУҮХ/-ны Дэд ерөнхийлөгч, ”Монголиа экспедишнс” ХХК-ийн Ерөнхий захирал С.Алдархишиг нээсэн юм.
Зочин илтгэгчээр Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Усны судалгааны хэлтсийн дарга, мөсөн гол судлаач Х.Пүрэвдагва, МУБИС-ийн Биологийн тэнхмийн багш, өндөр уулын бүсийн ургамал судлаач, докторант В.Гүндэгмаа нар оролцож Монгол орны өндөр уулын бүс дэх мөсөн гол, ургамлын төрөл зүйлийн талаар хийсэн өөрсдийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн.
Хэлэлцүүлгээр онол болон практикийн өндөр ач холбогдолтой, сонирхолтой бүтээлүүд дэлгэгдсэн юм. Энэ судалгааны ажлууд сүүлийн 50 гаруй жилийг хамарсан, газар дээрх болон сансрын холбоо, хиймэл дагуулын мэдээлэл, боловсруулалтын өндөр түвшний аргачлал, программ хангамж зэргийг ашиглан хийгдсэнийг оролцогчид онцолж байсан юм. Улмаар уг хэлэлцүүлгээр олон сонирхолтой асуулт, хариулт, санал дүгнэлт өрнөсөн юм.
Хэлэлцүүлгийн үр дүнгээр олон нийт, бодлого боловсруулагч нарт болон өндөр уулын бүсэд ажиллаж амьдардаг нутгийн малчид, иргэд, засаг захиргааны байгууллагуудад хандсан зөвлөмж гаргахаар тогтов.
Хэлэлцүүлэгт оролцогчид хамтран ажиллах олон боломж нээгдсэн бөгөөд жишээ нь, илтгэлүүдийн бичлэгийг оролцогч аймгуудын дунд сургуулийн хичээл,
албан байгууллагуудын хэрэгцээнд хүргүүлж сурталчлах юм байна.