Хөвсгөлд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 километрийн зайд Хөвсгөл нуурт өглөөний 05 цаг 32 минут 55 секундэд 6,5 магнитуудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлт ихэнх суманд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Ханх сум, Хатгал тосгонд илүү мэдрэгдсэн байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй бөгөөд иргэд ихэвчлэн дахин хөдлөх эсэх талаар тодруулж мэдээлэл зөвлөгөө авсан байна. Энэ удаагийн газар хөдлөлт тус аймгийн хувьд хамгийн хүчтэй хөдлөлт боллоо гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Тус аймагт 1992 оны 12 дугаар сард Улаан-Уул сумын Бүсийн гол гэдэг газар буюу ОХУ-ын хилийн заагт 6,2 магнитуудын газар хөдөлж байжээ. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.