"Говь" компани 2021 он гэхэд ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-06 15:06:11

Монгол Улсын ноолуурын 90 хувь нь түүхийгээр экспортод гарч буй бол үүний 10 хувь нь бэлэн бүтээгдэхүүн юм байна. Тэгвэл энэ харьцааг эвдэхээр “Говь” ХК 2021 он хүртэлх стратеги төлөвлөгөө боловсруулснаа сэтгүүлчдэд танилцууллаа.

2007 онд 30 ширхэг гадуур хувцас үйлдвэрлэж байсан тус үйлдвэр өнгөрсөн жил 10 мянгад хүрчээ. Үүний 8000 нь гадны хэрэглэгчид худалдан авсан бол 2000 ширхэг пальтог дотооддоо борлуулжээ. 2016 онд 14 мянган ноолууран пальто борлуулахаар төлөвлөсөн. Харин 2021 он гэхэд тус компани ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд номер нэг болж тэргүүлэхээр төлөвлөгөө боловсруулжээ. Дэлхийн зах зээлд Монгол Улс сүлжмэл бүтээгдэхүүнээс илүүтэй оёмол буюу ноолууран пальтогоороо өрсөлдөх орон зай байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Тэд 75 хувь нь бүс даавуу, 25 хувь нь сүлжмэл бүтээгдэхүүн байхыг хэтийн төлөвтөө тусгажээ. Хятад улсын хувьд ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн болох цамц үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлийг хангаж байгаа. Тиймээс Монгол Улс оёмол бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжтойг “Говь” компанийн удирдлагууд онцлов.

“Говь” ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Наранбаатар ярихдаа, “23 саяар тоологдох Монгол ямаа дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг бөгөөд манай улс Хятадын  дараа орох хоёр дахь том бэлтгэн нийлүүлэгч юм. Нарийн ширхэг бүхий дээд зэргийн ноолуурыг Монгол ямаанаас л авах боломжтой. Мөн Монгол ямаанаас 4 өнгийн ноолуур авдагаараа онцлогтой. Энэ нь дэлхийн хаана ч байхгүй. Манай компани хувьчлагдсанаасаа хойш үйлдвэрлэлдээ 38 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ирэх 5 жилд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр 1000 тонн ноолуурыг бэлэн бүтээгдэхүүн болгох, пальтоны үйлдвэрлэлээ 10 дахин нэмэх боломжийг харж байна. Бүтээгдэхүүний борлуулалтын амин сүнс нь чанар юм. Бид чанартаа анхаарч Японы “Lapine”, “Aldex” компаниудын туршлагаас судлан хамтран ажиллаж байна. Мөн бид 2009 оноос Италийн шилдэг дизайнеруудыг урьж ажиллуулснаар загварын хувьд шинэчлэл хийж дэлхийн чанартай эн зэрэгцсэн. Дэлхийн 15 оронд 51 дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Үүнийг өргөтгөж онлайн хэлбэр рүү шилжүүлэх бэлтгэлээ базааж буй юм” гэлээ.

“Говь” брэндийн 100 хувийн ноолууран пальто 299 ам.доллараас эхэлж буй бол дэлхийн зах зээлд 3000 ам.долларын үнэлгээтэй байна. “Говь” ХК онлайн хүргэлтийн үйлчилгээгээ хөгжүүлж дэлхийн аль ч улсад 399 ам.доллараас эхэлсэн үнээр пальто борлуулахаа мэдэгдлээ.

Б.Заяа

相关新闻