Оскарын наадамд “Алтан судал” уран сайхны кино өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн Оскарын наадмын "Олон улсын шилдэг уран сайхны кино" төрөлд Монгол Улсаас “Алтан судал” уран сайхны кино өрсөлдөхөөр болжээ. Энэ тухай “The Hollywood Reporter” мэдээлсэн байна.
Эл бүтээл нь Оскарт нэр дэвшиж байсан “Ингэн нулимс” кино, “Шар
нохойн там”, “Эзэн Богдын хоёр загал” киноны найруулагч Д.Бямбасүрэнгийн 4 дэх уран
бүтээл юм.
“Basis Berlin” кино продакшн, “Монгол Телевиз”, “Broadcasting
Berlin-Brandenburg”-ийн хамтын энэхүү бүтээл өнгөрсөн жил Берлиний кино наадамд
нээлтээ хийсэн билээ.
Уг кинонд Монголын нүүдэлчин амьдралын талаар өгүүлнэ. Гадаадын уул уурхайн компаниуд хүрээлэн буй орчноо хайр найргүй сүйтгэх бөгөөд 11 настай Амараа хүүгийн аав тэднийг эсэргүүцсэн сүүлчийн нүүдэлчдийн удирдагч юм. Гэвч аав нь харамсалтайгаар нас барсны дараа хүү эцгийнхээ тэмцлийг үргэлжлүүлэхээр шийднэ.
Энэхүү кино нь Оскарын уралдаанд хожуу орсон болохыг "The Hollywood Reporter" онцолжээ. Энэ жил Оскарын шагналын "Олон улсын шилдэг уран сайхны кино" төрөлд нэр дэвших бүтээлүүдийн урьдчилсан жагсаалтад нийт 15 кино багтах бөгөөд Академийн гишүүд хоёрдугаар сарын 1-5-нд саналаа өгөн, эцсийн нэр дэвшигчид болон ялагчийг тодруулах юм.
Академийн шагнал гардуулах ёслолд Монголыг төлөөлөх болсон талаараа найруулагч Д.Бямбасүрэн "Алтан судал" кинонд дэлгэсэн “Байгаль орчны асуудал зөвхөн орон нутгийн асуудал биш дэлхийн хэмжээний асуудал болоод удаж байна" хэмээн тэмдэглэжээ. Энэхүү бүтээлийн албан ёсны эрхийг Францын "Les Films du Preau", Испанийн "Surtsey Films", Скандинавын "Angel Films" зэрэг олон улсын дистрибьютер худалдаж аваад байгаа аж. Харин "Pandora Film" тус киног энэ оны сүүлээр герман хэлээр гаргах юм.
93 дахь удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-нд зарлах бөгөөд шагнал гардуулах ёслол 2021 оны дөрөвдүгээр сарын 25-нд болно.