Азийн 19 дэх удаагийн урлагийн биенналь үзэсгэлэн Бангладешт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2021-01-26 13:42:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн 19 дэх удаагийн урлагийн биенналь “Бангладеш-2020” үзэсгэлэн  2021 оны 3 дугаар сарын 1-31-ний өдрүүдэд Бангладешийн Үндэсний уран зургийн галерейд болно.


Нэг сарын турш үргэлжлэх уг үзэсгэлэнд уран зураг, хэвлэмэл зураг, гэрэл зураг, баримал, инстоляци, шинэ медиа урлаг гэх зэрэг хоёр, гурван хэмжээст уран бүтээлийг дэлгэн үзүүлэх юм байна. Энэхүү үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцохоор бэлтгэж байгаа аж.


Ташрамд сонирхуулахад, Италийн Венец хотноо хоёр жилд нэг удаа болдог Венецийн Биенналь наадмыг хагас сая гаруй хүн зорин ирж сонирхдог. Тус наадмын “Алтан арслан”, “Мөнгөн арслан” шагналтнууд энэ үеэр тодорч, шинэ уран бүтээлчид урлагийн ертөнцөд од болж төрдөг билээ. Венецийн Биенналь нь үүх түүх, нууцлаг байдал аль алиныг нь агуулсан дэлхийн хамгийн эрхэм нэр хүндтэй урлагийн үзэсгэлэнд тооцогддог.



Хамгийн сүүлд болсон Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биенналь 2019 онд 7 сарын туршид үргэлжилж байсан юм. Их Британийн эзэн хааны шагналт, Лондонгийн Хейуорд галерейн захирал, америк гаралтай куратор Ралф Ругофын удирдлага дор зохион байгуулсан “May You Live in Interesting Times” буюу “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй энэ удаагийн Венецийн биеннальд 89 орон оролцож байснаас Гана, Мадагаскар, Малайз, Пакистан улсууд анх удаа бүтээлээ дэлгэсэн юм.



Харин Монгол улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр амжилттай оролцсон. Тус үзэсгэлэнг 7 сарын туршид 80 мянга орчим хүн үзэж сонирхсон бөгөөд олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд “Агшин зуур” үзэсгэлэнг багтаасан.


Энэхүү Венецийн биенналь наадмын түүхийг сөхвөл, Италийн Венец хотын зөвлөл 1895 онд анх хотынхоо нэрэмжит урлагийн биенналийг зохион байгуулсны цаад зорилго нь шинэ тутам үүсэж эхэлсэн орчин үеийн урлагт зах зээлийн орон зайг бий болгох, шилдгүүдийг нэг дор цуглуулах зорилготой байжээ.

Тухайн үед судлаачид, цуглуулагчид, урлаг сонирхогчдод янз бүрийн урсгал, өөр өнцөг, хандлагыг эрэлхийсэн уран бүтээлчидтэй холбогдох, танилцах өргөн боломж байсангүй.



Тиймээс хоёр жил тутамд болдог Венецийн биенналь тухайн үедээ урлагийн ертөнцийн гүүр болж байсан нь ойлгомжтой. А зэрэглэлтэй энэ биенналь зөвхөн урлагийн тухай байсан нь үгүй.


Фашист удирдагч Б.Муссолини 1930 онд биенналийн ач холбогдлыг мэдэрч, өөрийн шууд удирдлага дор зохион байгуулсан бөгөөд үүнээс дөрвөн жилийн дараа А.Гитлерт биечлэн хөтөч хийсэн нь бий. Түүний дарангуйлал эцэс болсноор биенналь сая нэг улс төрийн хүлээснээс ангижирсан ч ач холбогдол, цар хүрээ нь ганц салбарт хязгаарлагдахгүй өргөн хэвээр байж, урлагийн ертөнц дэх том толь хийгээд луужин болсоор байна.


Венецийн Биенналийн тухайд “Урлагийн ертөнцийн олимп” гэх хариулт байх ч Венецийн Биенналь бусад урлагийн биенналиудаас тэс ондоо бөгөөд илүү галзуу, эрх чөлөөт элементүүдээс бүрэлдсэн урлагийн наадам гэж уран бүтээлч, судлаачид үнэлдэг байна.

相关新闻