Медиа урлагийн цар хүрээг үзэгчдэд таниулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын Урлагийн Зөвлөл /МУЗ/-өөс санаачлан анх удаа зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд эхэллээ.
Медиа урлаг нь бусад урлагийн төрөлтэй харьцуулшгүй олон талтай. XXI зууны дэвшилтэт техникийн боломжийг төрөл бүрийн медиа /дуу, авиа, дүрс бичлэг, кино/-г хослуулан бүтээлч үйл ажиллагаанд хэрэглэдэг бөгөөд компьютер, ухаалаг, гар утас, робот нь түүний салшгүй нэг хэсэг гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг орны 18 уран бүтээлч оролцож байна.
МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл хэлэхдээ, “Мэдлэг, мэдээлэл маш хурдан өөрчлөгдөн хувьсаж, өчигдрийн ойлголт, өнөөдөр ердийн үзэгдэл болон хувирч байгаа нь бид мэдээллийн хурдацтай өөрчлөлтийн цахим хувьсгалын эрин үед амьдарч байгаатай холбоотой.
Энэхүү наадмыг “Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд бид ойлголт төсөөллийн хуучинсаг үзлээсээ ангижрах уу, үлдэх үү, ирээдүй ба өнгөрснийг хамтад нь харахад бэлэн үү, үгүй юу гэсэн асуултад хариулахыг зорилоо” гэв.
Наадмын үеэр Ази-Европын уран бүтээлчдийн хамтарсан “Уламжлал ба шинэчлэл” сэдэвт үзэсгэлэн, урлагийн үзүүлбэр болон сургалтаар дамжуулан медиа урлагийн цар хүрээг үзэгчдэд таниулах юм. Мөн өнөөдөр “Зааг” Францын орчин үеийн бүжгийн АД компани болон Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор эхэлнэ.
Түүнчлэн “Мөргөлдөөн” Австрали-Америкийн уран бүтээлчдийн техник технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн виртуал аялал, “Тэнцвэр” Францын орчин үеийн бүжгийн тоглолт, Бүжгийн урлагаар анагаахуй сургалт, “Номадинк” уран бүтээлчдийн графити арт зэрэг урлагийг цувралаар олон нийтэд нээлттэй хүргэх юм.
Тус наадам энэ сарын 9-нөөс ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор