Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Монгол эмэгтэйчүүдийн гоёл зүүсгэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-02-20 10:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын дунд гоёл чимэглэлийн урлагт сувд, шүр, номин зэрэг эрдэнийн чулууг түгээмэл хэрэглэж ирсэн нь оюун болон эдийн соёлд өөрийн гэсэн өнгө төрх, хэв донжийг бий болгосон байна.


Монгол дархчууд эртнээс эрэгтэй, эмэгтэй аль ч зүүсгэл чимгийг хүүхэд, залуус, хижээл, өтгөс буурлын гэх мэт ялгавартай урлан бүтээж, тоног заслыг жирийн хувцаснаас эхлээд есөн эрдэнээр урлан бүтээх хүртэл өндөр төвшинд боловсруулж ирсэн. Аливаа засал чимгийг урлахдаа юун түрүүнд хүний биеийн галбир, үс засал, хувцас хунар, угсаа гарвал, тоног засал зэргийг анхааран үзэж урлах үйлсийг хийнэ.


Монголын олон ястны бүсгүйчүүдийн гоёл чимэглэл үндсэндээ нийтлэг боловч тухайн ястны онцлог, бэлгэдлээс хамаарч бага зэрэг ялгаатай байдаг аж.


Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёно. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүнэ. Мөн толгой дээрээ дух руу орсон шүр, сувд зэрэг үнэт чулуу шигтгэсэн алт, мөнгөн, ган сийлбэрт оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаараар хавчиж, туйв бүхий мөнгөн гэр рүү үсээ хийж, уулзварт зууван хавчиг зүүх болжээ.

Гарын бугуйд зүүх гоёлыг бугуйвч гэх ба бугуйвчыг алт, мөнгө, зэсээр хийж цулгуй чигээр нь хэрэглэхээс гадна хээ угалз бүхий үнэт чулуун шигтгээгээр чимнэ.

Монгол эмэгтэйн толгойн гоёлын нэгэн хэсэг нь сувдан сам, үсний сувдан даруулга юм. Эдгээр нь толгойн гоёлд ордог бөгөөд өөрийн хийц донж, маягаараа өөр хоорондоо ялгарна. Сувдан даруулга нь урт үстэй эмэгтэйчүүд гэзэгнийхээ уг болон үзүүрт зүүж гоёно. Сувдан гоёлыг эмэгтэйчүд гэзэгнээсээ гадна энгэртээ зүүдэг. Түүнийг энгэрийн зүүлт гэж нэрлэнэ. Энгэрийн сувдан зүйлт нь мөн мөнгөн суурьтай алтаар шарсан (бүрсэн) байх аж. Эдгээр сувдан гоёл нь нас харгалзахгүй хэрэглэдэг өөрийн онцлогтой. 


相关新闻