Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Монгол эрчүүдийн гоёл
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол эрчүүдийн гоёл зүүсгэлийг толилуулж байна.
Монгол эр хүний гоёл зүүсгэл нь эмэгтэй хүний гоёлтой
харьцуулахад овор хэмжээ бага, ажил хөдөлмөрийн өвөрмөц хуваарьтаа зохицсон
байдаг. Алт, мөнгө, эрдэнийн чулуун чимэглэл харьцангуй бага бөгөөд гол төлөв
ган сийлбэр, мөнгөн эдлэл хэрэглэнэ. Гэвч эдгээр хэрэглээний зүүсгэл нь тухайн
дархны болон нийт монголчуудын бэлгэдэл зүй, шүтлэг бишрэлтэй холбогдох олон
төрлийн хээ хуар, дүр дүрслэлийн бэлгэдлийг агуулж байдгаараа нэн уран төдийгүй
өвөрмөц хийцтэй байдаг.
Тухайн нутаг усны нэрээр нэрлэгдсэн сургууль хийцүүд тодрон гарсан бөгөөд Дарьганга мөнгөн аягаараа, Далайчойнхор ган сийлбэрт хэт хутгаар, Тожил буюу Батноров хийц нь эмээл хийцээрээ нэрд гарсан байна.
Монгол эрчүүдийн бүс бүслэх нь нийтлэг бөгөөд хэт, хутга, бэл,
ганс, цохилуур, даалин, аяганы уут гэх мэтийг зүүх ба эдгээр нь эрчүүдийн зүүлт
гоёлын үндсэн хэсэг юм. Уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш манан
соруултай гаанс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт мөнгөн тэргүүтнийг
хэрэглэдэг.
Монгол дархны авьяас
билиг, хүч чадлыг сорьсон бүтээлүүдийн нэг бол хэт хутга юм. Хэт хутга нь эр
хүний гоёлын чухал хэсэг бөгөөд хуй, хутга, савх, оосор, тээг, гал ноцоох хэт,
бэлээс бүрдэнэ. Хэт хутганд гол төлөв сүлжээ, мушгиа, эрвээхэй, загасан, гал,
хас, луун, тоонолжин зэрэг хээ угалзаар урлан, ган төмөр, мөнгөөр бүтээж,
заримдаа эрдэнийн чулуун шигтгээгээр хийдэг байж.
Бэлийг төмөр, мөнгө, гуулиар хийхдээ дээд хэсгийг үүлэн хээ,
эрвээхэй, эвэр хээ хэлбэртэй хийж, алх, хос загас, луу, матар зөгий, удган
эрвээхэй, зоч цэцэг, хорол гэх мэт хээ угалзаар чимэглэнэ.
Бүсэнд тээглүүлэхийн тулд хаш, шүр, мөнгө, гангаар тээглүүрийг
хийнэ. Хутганы ишийг яс, үйс, сум мод шахаж алаглуулан хийх нь элбэг. Хутганы
хуй, иш, ирний ховилыг хээлдэг бөгөөд хээ угалзыг алтаар шарах (бүрэх) юмуу,
мөнгөөр хөөлгөж хийх нь түгээмэл байдаг.
Хутганы хажууд хос савх хатгах бөгөөд савхыг хос зандан, сухай,
жодоо, зааны соёо, бодын шилбэний ясаар хийж, хутганы хамт ар нуруун талд
бүсэндээ хавчуулж явдаг бөгөөд айлд орохдоо хутгаа бүснээсээ доош унжуулан
ордог ёстой.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн цуглуулгад 40
гаруй хэт хутга байгаагаас алдарт Далайчойнхор хийцийн нэрт дархан Гомпилын
Ерэнтэй, "Цагаан" Самбуу, "Чавганц" Жамбал дархчуудын ган
сийлбэр хэт хутгууд хадгалагдаж байна.