Улс, аймгийн музейд яаралтай сэргээн засварлах шаардлагатай үзмэр цөөнгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2021-02-23 10:41:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд улс, аймгийн музей болон орон нутагт 300 гаруй танхимаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтдээ 250 мянга орчим үзмэр, цуглуулга байдаг юм байна.


Монголд олон улсын стандарт шаардлага хангасан музейн барилга байгууламж тун хангалтгүй. Энэ нь санхүү, хөрөнгө оруулалтын хэмжээ бага, цалин хангамж бага, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц дутмагтай шууд холбоотой юм. Тиймээс ч соёлын өвийн хадгалалт хамгаалалт шаардлагын түвшинд хүрэхгүй байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.


Эрдэнэзуу музейгээс 2013 онд нэлээд хэмжээний үнэтэй бурхад, үзмэр алдагдсан. Тухайн үед Соёлын яам, музейн удирдлага, цагдаа хүчний байгууллагынхан хурдан шуурхай ажилласны хүчээр бүгдийг эргүүлэн олж авсан байна. Уг асуудлаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр үзмэр алдах эрсдэл буурсан. Улс, аймгийн бүх музей иж бүрэн дохиолол хамгааллын системтэй болж, үзмэртэй харьцах ажилтнуудын мөрдөх дүрэм журам шинэчлэгдсэн, сан хөмрөгт орох, гарах хөдөлгөөн журмаар зохицуулагддаг болжээ.

Өнөөдөр музейн хадгалалт, хамгаалалт стандарт шаардлагыг хангасан нөхцөл байдлын талаар салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг сонордуулж байна.


Монгол Улсад музейд үзмэр хадгалах сан хөмрөгийн хадгалалтын талбай хүрэлцээгүй, музейн барилгын стандарт байхгүйгээс сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн хадгалалтад сөргөөр нөлөөлж 1 метр хавтгай дөрвөлжин талбайд ногдох нэгж үзмэр олон байгаа аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон яамны хамтарсан судалгаагаар улсын хэмжээнд бүх музейн 80,5 хувь нь дундаас доогуур үнэлэгджээ.



Музейн үзмэр, эд өлгийн зүйлс нь амьдрал, ахуйд хэрэглэгдэж, тодорхой хэмжээний элэгдэл хорогдолд орсон байдаг. Мөн сан хөмрөгийн орчин нөхцөл, буруу хадгалалтаас шалтгаалж жилээс жилд муудаж, хэврэг болдог. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төв улс, аймгийн музейн сүүлийн 10 жилийн дунджаар жилдээ 148 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг сэргээн засварлажээ.



Улс, аймгийн музейн мянга хол давсан үзмэрийг яаралтай сэргээн засварлах шаардлагатай байгаа аж. Иймд сан хөмрөгийн орчин нөхцөлийг нэн даруй сайжруулж шинэчлэх нь энэ салбарын тулгамдсан асуудал болжээ.

相关新闻