Эрдэнэт хот 65 км-ийн холоос усаа татаж хэрэглэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг нь Монгол Улсын хэмжээнд хамгийн хол буюу 65 км-ийн холоос усаа татаж хэрэглэдэг. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Булган аймгийн Сэлэнгэ мөрнөөс цэвэр усаа татаж Эрдэнэтийнхний хэрэгцээнд нийлүүлдэг юм. Холоос татаж байгаа учир нэг литр усны үнэ бусад аймагтай харьцуулахад өндөр үнэтэй ч иргэд усны хэрэглээндээ маш хариуцлагатай ханддаг гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ерөнхий инженер Б.Баянбат хэллээ.
Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал болон хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр цэвэр усны хэрэглээ нэмэгдэж байгаа. Иймд тус үйлдвэр усан хангамжийн төв шугамаа нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд байна.
Ташрамд дурдахад, “Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т жагсдаг. Энэ нь усны нөөц багатай улсын тоонд багтдаг гэсэн үг юм. Монголчууд хэрэглээний усныхаа 80 хувьд нь гүний усыг ашигладаг. Монгол орны газрын гүн дэх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил байдаг тул гадаргын усыг ашиглаж, гүний усны нөөцөө хамгаалах хэрэгтэй ажээ.