Хөгжмийн зохиолчдыг төрөөс бодлогоор дэмжихийг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин хөгжмийн урлагийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Соёлын сайд Ч.Номин тус яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын
бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулав.
Хөгжмийн
урлагийнхан 24
жилийн дараа дахин эмхлэн байгуулсан Соёлын яам тогтвортой байх хэрэгтэй
гэдгийг салбарынхан чухалчилж буйг Соёлын сайдад уламжлав.
Мөн
сүүлийн 30-аад жил хөгжмийн урлаг харьяалагдах эзэнгүй төрийн бус байгууллагын
хүрээнд үйл ажиллагаа явуулж, төрөөс ямар ч бодлого дэмжлэггүй ирснээр энэ
салбарын хүний нөөцийн бодлого алдагдаж шинэ уран бүтээл гарахгүй байгаад
эмзэглэж буйгаа илэрхийллээ.
Иймээс хөгжмийн зохиолчдыг төрөөс бодлогоор дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын
ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэлтийн
стандарт, норм, нормативыг бий болгох, ЕБС-ийн
дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт уртын дууг оруулах, Соёлын яамны харьяанд
хөгжмийн зохиолчдын холбоо, зохиогчийн эрхийг хамгаалах хэлтсийг байгуулах
хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Энэ
удаагийн уулзалтаар зохиогчийн эрх, түүнд хамаарах хууль, оюуны өмчийн зөрчил,
хүүхдийн дууны урын сан, хөгжмийн урлагийн менежмент, боловсон хүчин зэрэг
сэдвийн хүрээнд ярилцлаа.
Уулзалтад
Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат, Урлаг, уран
бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг,
Соёлын үйлдвэрлэл, инновацын
газрын дарга Н.Мөнхзул, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн
гишүүн Х.Алтангэрэл, Монголын уртын дууны холбооны тэргүүн Б.Батболд, Монголын
ерөөлч магтаалч нарын төвийн тэргүүн Ц.Цэрэндорж, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр,
“Эвт үзэг” ТББ-ын гишүүн С.Батболд,
урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун, “Нэгүн” студийн захирал,
хөгжмийн зохиолч Б.Одбаяр, хөгжмийн зохиолч, продюсер Б.Нацагдорж, уртын дуу
судлаач, уртын дууч Х.Эрдэнэцэцэг, хөгжмийн найруулагч “Анир” дуу бичлэгийн
студи Б.Алтанхуяг, хөгжмийн мастер, төрийн хан хуур урлаач, хөгжмийн зэмсгийн
үйлдвэрлэл эрхлэгч Д.Уламбаяр, “Протек” ХХК-ийн ерөнхий захирал, хөгжмийн нийлүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцов.