Хувьцааг биржээр биш арилжааны банкуудаар тарааж буйг эсэргүүцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос 1072 хувьцаа худалдан авах буюу “Сайн хувьцаа” хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан нь Монгол Улсын хэд, хэдэн хууль тогтоомжийг зөрчиж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Сайн хувьцаа арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 311 дугаар тогтоол 6-р сарын 13- ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компани дахь өөрийн эзэмшлийн 322 ширхэг хувьцааг худалдах хүсэлт гаргасан 18 нас хүрсэн иргэдээс хувьцааг нь багцаар буюу 300 мянга 426 төгрөгөөр Засгийн газар арилжааны банкуудаар дамжуулан худалдан авах хүсэлт авч буй юм. Энэхүү арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар 1.65 их наяд төгрөгөөр бонд үе шаттайгаар гаргахаар болсон. Мөн иргэдэд үлдсэн хувьцааг эдийн засаг сайжирсан нөхцөлд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар тусгасан. Эдийн засаг сайжирч, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалсны дараа хувьцаагаа худалдсан иргэн хүсвэл хувьцаагаа эргээд Засгийн газраас худалдан авч болохоор тогтоолд тусгасан юм.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр ярихдаа: “Сайн хувьцаа” арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, бусад хууль тогтоомж, хөрөнгийн зах зээлийн тогтолцооны зарчмуудыг зөрчлөө. Хувьцааг биржээр бус арилжааны банкаар дамжуулан тараадаг тогтолцоо манайхаас өөр хаана ч байхгүй. Мэргэжлийн байгууллагаар бус арилжааны банкуудыг сонгосныг бид эсэргүүцэж байна. Хуулиа уланд гишгэсэн хүмүүс 1072 хувьцаа худалдан авах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахыг албан ёсоор шаардаж байна” гэв.