Арилжааны банкууд 5.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭДотоодын арилжааны банкууд хувьд татан буугдсан банкуудын дүнг хасаж тооцсоноор тавдугаар сарын эцэст 5.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.
Улмаар банкууд 2016 он гарснаас хойш сар дараалан буюу тав дахь сардаа алдагдал хүлээж байгаа юм. Алдагдлын хэмжээ он гарсаар сар бүр дараалан буурсаар байна. Өнгөрсөн тавдугаар сард алдагдлын хэмжээ өмнөх сараасаа гурав дахин буурсныг онцолж байгаа юм. Харин үүнээс өмнө хамгийн сүүлд 2009 оны эдийн засгийн хямралын үеэр арилжааны банкууд алдагдалтай ажилласан түүх бий. Уг мэдээлэлтэй зэрэгцэн банкуудын нийт актив өмнөх сараас бага зэрэг буурч, пассив мөн хэмжээгээр өссөн байна. Урт хугацаанд нь харвал актив, пассивын үзүүлэлт харьцангуй тогтвортой хадгалагдсан дүнтэй гарчээ.
Алдагдлын гол шалтгааны нэг болсон ам.долларын ханш тавдугаар сар гарсаар огцом буурч, тогтворжиж байна. Мөн зээл олголт буурч, тавдугаар сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл системийн хэмжээнд 11.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар буурчээ. УБСЕГ-ын мэдээллээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны тавдугаар сард 6.1 хувьтай байсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 9.3 хувьтай тэнцэж байна. Банкуудын хувьд чанаргүй зээлийн эрсдэлээс хамгаалах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс зээлийн нөхцлийг зөөлрүүлэн ажиллаж байгаа юм.