БШУЯ хүүхдийн вакцины бэлтгэл хангах санал хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх намар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгаа тухай саналыг БШУЯ-наас холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
2021
оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар, нийт 6615 хүүхэд “COVID-19”-өөр халдварласныг тогтоожээ.
Хэдийгээ харьцангуй цөөн хүүхэд коронавирусээр халдварласан, хүндрэл бага, нас баралт цөөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Монгол Улс 18 хүртэлх насны 1 250 000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм. УОК-ын мэдээлж буйгаар, 5 дугаар сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг, 6 дугаар сарын 10-нд 2 дахь тунг хийж дуусгана. 7 дугаар сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувийг бүрэн дархлаажуулах юм. Насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан хэдий ч хүүхдүүдийг дархлаажуулахгүй бол халдварыг бүрэн хумих боломжгүй юм.
Хичээл
хэзээ эхлэх вэ?
Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэнэ. Хичээл хэзээ эхлэх вэ? гэсэн асуултад “тархалтыг зогсоосон үед” гэсэн хариултыг одоогоор өгч чадахаар байна.
Хүүхдийн вакцины судалгаа ба бусад орны баримталж буй бодлого
Цар тахлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүүхдийн вакцинжуулалт гэж эрдэмтэд үзэж байна. Одоогоор "Файзер", "Модерна", "Жонсон-Жонсон" зэрэг компанийн хүүхдийн вакцины туршилт амжилттай болж байгаа талаар мэдээлж байна.
2021.3.31-нд Файзер вакцины үйлдвэрлэгч 12-15 насны хүүхдүүдэд
вакцинаа туршиж үзэхэд 100 хувь үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгаа
талаар мэдээлсэн байна.
2021.4.7-нд хүүхдүүдэд “Астразенека”-гийн
вакцины туршилт хийхийг зогсоосон.
2021.1.15-нд “Вероселл” вакцины үйлдвэрлэгч вакциныг 3-17
насны хүүхдэд аюулгүй гэж тогтоосон талаар Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд
мэдээлсэн байна.
2021.3.22-нд Спутник үйлдвэрлэгч 3-17 насны хүүхдэд зориулсан вакциныг хөгжүүлж эхлээд байгаа талаар мэдээлэв.
Хүүхдийн вакцины бэлтгэл хангах санал
Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед хэд хэдэн алдаа гаргасан ч
энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал юм. Вакцин
худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт
өгөх, тээвэр ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг
хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс дараах саналыг
холбогдох газруудад хүргүүлэв.
-5 дугаар сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх
үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэх
-6-7 дугаар сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ
байгуулах, захиалах
-9-10 дугаар сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргав.