Коронавируст халдварын улмаас эхийн эндэгдэл нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Мөнхцэцэг “COVID-19” халдвар ба жирэмслэлт, төрөлт, төрсний дараах тусламжийн талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Лансет” сэтгүүлд мэдээлснээр, коронавируст халдварын улмаас дэлхий дахинд эхийн эндэгдэл 30 мянгаар нэмэгдсэн. Цар тахлаас өмнө 168 200 байсан бол эхийн эндэгдэл 198 мянга болсон. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл гутрал их байна. Төрсний дараах хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал амаржсан эхчүүдийн 80 хувьд илэрдэг байсан бол жирэмсэн үед ч сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдаж байгаа юм. Энэ нь цаашид төрсний дараах сэтгэл түгшилд хүргэх магадлалтай тул анхаарах нь зүйтэй" гэв.
Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд жирэмсэн эх болон амаржсан эхэд халдвар илэрсэн 200 орчим тохиолдол батлагдсан байна.
Тэрбээр, "ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн болон амаржсан 98 эхийг судлахад 50 хувь нь уушгины хатгалгаатай байна. Одоогоор хоёр нярайд халдвар илэрсэн. Мөн “COVID-19”-ийн улмаас жирэмсэн болон амаржсан 119 эх төрөх тасгуудад эмчлүүлж байна. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдэд коронавируст халдвар хурдацтай тархаж байгаагаас гадна “COVID-19”-тэй холбоотой эхийн эндэгдэл ч тохиолдлоо. Иймд онцгой анхаарал тавих шаардлагатай байна” гэв.
Мөн тэрбээр жирэмсэн
эхчүүдийн дунд таргалалт их байгаагаас гадна артерын даралт ихсэх, ахимаг
насандаа төрөх, чихрийн шижинтэй байгаа зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж
байгааг тодотгосон юм.