Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд өнөөдөр зочилж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ.
Ерөнхий сайд уулзалтын үеэр соёл, урлагийн салбар нь нийгмийг
соён гэгээрүүлэхээс гадна, баялаг бүтээх боломж бүхий шавхагдашгүй нөөцтэй
салбар болохыг онцлоод, даяаршиж буй дэлхий ертөнцөд байгалийн баялгийн хомсдол
нүүрлэж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хөгжиж буй орнуудад олон
бэрхшээл шалгууртай тулгарч, улс орнууд хөгжлийн шинэ гарц, арга замыг
эрэлхийлж байна. Монгол Улс мөн адил үндэсний өв баялаг соёлоо эдийн засгийн
эргэлтэд оруулж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжсөн салбарыг бий
болгож, бүтээлч, чадварлаг боловсон хүчний оюуны бүтээлээр дэлхийд өрсөлдөх нь
хөгжлийн гарц болохыг тэмдэглэлээ.
Соёлын сайд Ч. Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх
“Монгол соёл, Монгол баялаг” цогц арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол соёл, Монголын баялаг” цогц
арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Засгийн газраас боломжит бүхий л арга
хэмжээг авахаа илэрхийлсэн юм.
-"Монгол соёл, Монголын баялаг” цогц арга хэмжээний хүрээнд
дараах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Засгийн газраас боловсролын тогтолцоон дахь үндэсний сургалтын хөтөлбөрийн соёлын болон бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн шинэчлэлийг БШУЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн салбарын мэргэжилтэй боловсон хүчний тоог системтэйгээр нэмэгдүүлэх, бүтээлч ажиллах хүчийг өргөжүүлэх зорилгоор дизайны болон урлагийн бусад төрлүүдийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн академи байгуулах зэрэг томоохон төслүүдийг онцлон дурдлаа.