Сонгогчийн мэдээлэл “Түр хасав” тэмдэглэгээтэй бол тодруулах шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУБСЕГ-ын цахим хуудаст байршсан сонгогчийн нэрийн жагсаалт дахь мэдээлэлд “Түр хасав” тэмдэглэгээтэй байх тохиолдол багагүй гарч байна.
Дээрх байгууллагын цахим хуудас болох www.burtgel.mn сайтад УИХ-ын 2016 оны сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг байршуулаад байгаа юм. Иргэд уг сайтад хандан регистрын дугаараа оруулснаар өөрийн мэдээллээ бүрэн, үнэн зөв байгаа эсэхийг шалгаж, санал өгөх байр, хэсгийн хороогоо мэдэх боломжтой.
Харин уг сайт дахь мэдээлэлд “Түр хасав” тэмдэглэгээ байх тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Сонгуулийн тухай хуулийн 61.9-д зааснаар “Эрх зүйн чадамжгүй, хорих газар ял эдэлж байгаа болон 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон сонгогчийн нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасахгүй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн арын “Тайлбар” гэсэн хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийнэ” гэж тусгасан. Мөн “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй байхаар хуульчилсан. Хэрэв.санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн санал авах байранд мэдэгдэх ёстой юм.
Харин дээрх заалтад тусгасан шалтгаан аль нь ч байхгүй тохиолдолд “Түр хасав” тэмдэглэгээтэй бол сонгогч харьяа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн газарт хандан, мэдээллээ тодруулах шаардлагатай юм байна.