Н.Ариунболд:Фермерийн аж ахуйг томруулах замаар Японд мах экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-23 16:35:02

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон улс тарифын хөнгөлөлттэйгээр халууны аргаар боловсруулсан мах Монголоос импортлох сонирхолтой байгаа.

Энэ тухай Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоос тодруулахад, “Халууны аргаар боловсруулсан мах импортлохын тулд Монгол Улс бэлтгэл ажлаа хангах ёстой. Наад зах нь бид японы стандартын шаардлагад нийцүүлэх ёстой. Гэрээгээр Япон руу ямаа, хонины мах экспортлоход импортын гаалийн татвар төлөхгүй. Харин лаазалсан, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн 4.2 хувийн тарифыг 10 жилийн хугацаанд бүрэн чөлөөлнө. Хагас боловсруулсан буюу лаазалсан үхрийн махан бүтээгдэхүүний тарифыг тодорхой тоон хязгаарт багтаан экспортлохоор гэрээнд тусгасан. Тиймээс манай улсын хувьд фермерийн аж ахуйг томруулах замаар Япон руу махаа экспортлох нь чухал гэдэгт салбарынхан төвлөрөн ажиллаж байна. Манайд Японд мах, махан бүтээгдэхүүн экспортлох шаардлагыг хангах 2 үйлдвэр шинээр ашиглалтад орсон. Эхнээсээ хэлцлүүд  хийгээд явж байна. Түүнчлэн Япон улсын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, Монгол махыг Япон болон бусад орны зах зээлд гаргахын тулд өртөг шингээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох нь чухал.  Үүнд салбарын яам анхааран ажиллаж байна” гэв.

Монгол Улс энэ жил Хятад, ОХУ-руу мах экспортолно. Манай хамгийн том худалдан авагч нь Хятад бөгөөд төвийн бүсэд тавьсан хоригийг цуцлах саналыг тус улсын мэргэжлийн байгууллагуудад ХХААЯ-наас хүргүүлжээ. Зарим бүсэд шүлхийн хориг тавьсан учир баруун болон төвийн бүс нутгаас малын мах экспортлох аж.

2015 онд манай улсын 12 компани гадагшаа 4715 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол он гарсаар нийт 1000 орчим тонн мах хилээр гаргажээ. 

 Б.Заяа

相关新闻