Монголын Үндэсний музей: Тожил хийцийн эмээл

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-06-21 10:03:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Тожил хийцийн эмээлийг толилуулж байна.


XIX зууны дунд үе

Хэнтий аймаг Батноров сум

Мод, яс, төмөр, мөнгө, шир, хялгас

Хэмжээ: 41x80см

Уналга ачлагын морь малд тохдог бүүрэг, хавтас, гөлөм зэрэг тоногоос бүрдсэн хэрэглэлийг эмээл гэнэ. Эмээл нь морь унаж буй хүний хамгийн тохиромжтой суудал бөгөөд морины нуруунд хүндийн даралтыг жигд хуваарилах зориулалт бүхий хэрэглэл юм. Хэрэглэх байдлаар эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, настан хүний, хурдан морины хэмээн ялгана.
Монгол угсаатнууд өөр өөрийн хийц донж бүхий боржигон, самбуу, дархад , буриад, үзэмчин, ойрад зэрэг эмээлийг үе улиран хэрэглэж ирсэн. Тэдгээр нь Монголчуудын эдийн соёлын өвөрмөц онцлог, нутаг нутгийн урчуудын ур чадвар зэргийг тодорхой харуулдаг. Эмээл нь мөнгөн ба ясан хяртай, мөнгөөр хээ урласан баавар даруулгатай, гуулин ба ган дөрөөтэй, хээ угалзаар чимсэн нанжин гахай гөлөмтэй байдаг. Эмээлийн модыг голдуу хусаар хийж, цэмбэ, эсгий, даавуу зэргээр бүрдэг. Мөнгөн товруутай хазаараар морио хазаарлаж, хулсан ба суман модоор хийсэн урт ташуурыг эмээлийн бүүргэнд сойсноор морины гоёл чимэглэлийг бүрдүүлдэг.
XIX зуунд Дайлай Чойнхор, Дарьгангын хийц улс даяар ноёлж байсан бол XX зуунд Тожил хийц, товойн гарсан түүхтэй. Тожил дархан Хэнтий аймгийн Батноров суманд нутаглаж байсан алт, мөнгөн гоёлын эдлэлийн уран дархан хүн байв. 1940-өөд оноос түүний ур хийц улс даяар тодорч маршал Чойбалсан түүнээр Улсын 25, 30 жилийн ойд зориулсан төрийн бэлэг сэлт, ойн үзмэр, мөнгөн аяга, цар таваг, эмээлийн чимэг, хормойн боолт, хэт хутга хийлгэж байжээ. Тожил хийц гэдэг нь хөөж хийдэг байсан өмнөх аргад дэвшил хийж цутгуур хийгээд хөөдөг аргыг нэвтрүүлсэн юм. Тожилын бага, дунд, их гарын хийц гэж монгол даяар алдаршжээ.
相关新闻