“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улс, ОХУ дипломат харилцаа
тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Соёлын яам санаачлан “Орос зохиолчдын
бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын
шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр
нээлтээ
хийлээ.
Өнгөрсөн зууны он жилүүдэд Монгол Улсад мэргэжлийн театр үүсгэн
байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд анхнаас нь
зөвлөлтийн сургагч-мэргэжилтэн багш нар оройлон зүтгэж, Орос-Зөвлөлтийн нэрт
зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг Монголын тайзнаа амилуулж байсан
билээ.
1930 онд Монгол Улсад уригдан ирсэн театрын мэргэжилтэн багш
А.А.Ефремов нь К.С.Станиславский жүжиглэхүйн ухааны сургалтыг Монголд
нэвтрүүлж, мэргэжлийн театр байгуулахад хувь нэмэр оруулж байсан түүхтэй.
Түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг
үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн
холбоо (МГЗНХ), Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)
ажиллаж байна.
Тус үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Консерватори, Монголын Театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагын архивын сан хөмрөгт буй 350 гаруй түүхэн ховор гэрэл зургийг дэлгэжээ.