“Монгол наадам” үзэсгэлэнд дүрслэх урлагийн 50 гаруй бүтээлийг дэлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-07-02 12:13:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2230, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол наадам” үзэсгэлэнг өчигдөр нээлээ.

Монгол үндэсний их баяр наадамд олон мянган жилийн тэртээгээс нүүдлийн соёл иргэншлийн нөлөөгөөр үүссэн ёс уламжлалууд, “Эрийн гурван наадам”-аас гадна Монгол түмэн даяараа тэмдэглэдэг байсан шашны их баяр ёслол ч мөн адил энэ бүлэгт багтана. Тиймээс тус музейд буй монгол баяр ёслолтой холбоотой аж байдлын болон шашны баяр ёслолын сэдэвтэй Монгол Улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлд багтсан дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэн толилуулж байна.

Монголчууд Хүннү гүрний үеэс аливаа баяр ёслолд морь уралдуулж, сур харван бөх барилддаг байсан мэдээ “Хүннүгийн шастир”-т тэмдэглэгдсэн нь бий. Энэ үеэс  улсын баяр ёслолыг засаглалыг  батжуулах, тэлэх, хүлээн зөвшөөрүүлэх төрийн арга хэрэгсэл болгон ашигладаг байсан.

Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оноос эхлэн Монголд орчин цагийн төрт ёсны баяр болох тусгаар тогтнолын өдрийн баярыг ёслон тэмдэглэх болсноор эдүгээгийн үндэсний их баяр наадмын  орчин цагийн хэлбэр тогтохын эхлэл болон улмаар Монгол угсаатны төрийн тусгаар тогтнолыг баталгаажуулах зорилготой үндэсний их баяр ёслол болгон сүрлэг, цог жавхлантай тэмдэглэх болсон.

Үзэсгэлэнд монгол төрт ёс, баяр наадам, шашин соёлын баяр ёслолын түүхэн үйл явдлыг харуулсан бүтээлүүдээс Б.Шаравын “Үрс гарч байгаа нь”, “Монголын нэг өдөр” хосгүй үнэт бүтээлийн эх хувийг үзэгчдэд дэлгэж буйгаараа онцлог юм.

Мөн Г.Дорж “Ламын гэгээний Майдар” зэрэг хосгүй үнэт бүтээл, УГЗ Д.Дамдинсүрэнгийн “Хүрээ майдар”, “Арван засгийн бөх”, Балган “Их хүрээ” зэрэг 50 орчим бүтээлийг дэлгэжээ.

Тус үзэсгэлэн 8 дугаар сарын 1-нийг  хүртэл үргэлжилнэ.







相关新闻