Цагаан идээ, хүнсний ногооны ил худалдааг зөвшөөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-16 23:30:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн арван нэгдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд Дархан сумын хэмжээнд хүнсний ногоо, цагаан идээний ил худалдааг зөвшөөрлөө. Тодруулбал Дархан-Уул аймгийн харьяат хүнсний ногоо тариалдаг иргэд  шинэ ургацын ногоо, малчид мах, сүү цагаан идээгээ өөрийн сонгосон задгай талбайдаа худалдаалах боломжийг нээлээ. Тариалан эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгчидээс шууд иргэдийн гарт хүргэх зорилготой уг шийдвэрт иргэд талархалтай байна. Ингэсэнээр дээрх бүтээгдэхүүнүүдэд үнийн хөөрөгдөл үүсэхгүй, зах худалдааны төвүүдэд хэт бөөгнөрөл бий болохгүй гэж тооцсон аж. Задгай талбайн худалдаа эрхлэгчид эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдаалах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстойг онцолсон. Түүнчлэн хог хаягдал үүсгэхгүй, ногоон байгууламж сүйтгэхгүй улиралын чанартай хийгдэж буй бүтээн байгуулалтад саад болохгүй байхыг анхаарах хэрэгтэйг аймгийн ЗДТГ-аас анхаарууллаа.

Ташрамд өнгөрсөн гуравдугаар сард болсон удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймгийн засаг дарга Б.Азжаргал худалдааны гудамж бий болгох талаар дурдаж хаана хийх боломжтой талбайн судалгаа гаргахыг холбогдох газруудад өгч байсан боловч цар тахлаас үүдэн энэ жил хэрэгжих боломж бүрдсэнгүй.

 

 

相关新闻