Их Богдын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдын орон тоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-23 10:39:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан цөлжилт нэн хүндэрсэн аймгуудын нэг Баянхонгор аймагт ажиллахдаа Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажил байдалтай танилцаж, тулгарсан зарим асуудлыг нь шийдлээ.


Тухайлбал, төсөл, төлөвлөгөөг эдийн засгийн тооцоонд үндэслэн шийдэх, байгаль хамгаалагчдын байрыг 4 цэгт байгуулахдаа санхүүжилтийг төсөвт дарамт үүсгэхгүй, тухайн бүс нутагт хэрэгжиж буй олон улсын төслийн санхүүжилтээр шийдэхээр болов.


Мөн цөлжилтийг сааруулах, уул уурхайн нөхөн сэргээлт хийхээр говийн бүсэд хамгаалалтын захиргаанаас 500 заг тарьсан. Усалгааг бүрэн шийдээгүйгээс ургалт муу байгаа тул услалтын системийг шийдэх 15 сая төгрөгийг төслийн хөрөнгөөс гаргана.


Байгаль хамгаалагчдын өдөр тутмын хувцас хэрэглэл, хангамжийг үе шаттай сайжруулах, эхний ээлжид нэг фругон автомашин олгохоор болов. Албан хэрэгцээнд 2016 онд хүлээн авсан компьютерыг сансрын зураглал шаардлагатай зөөврийн компьютероор солихоор болжээ.


Түүнчлэн нэг байгаль хамгаалагч 130 мянган га талбай хариуцан орон тоо дутмаг байгааг анхаарч, 2024 он хүртэл орон тоог нэмэх, шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгахаар тогтов. Тус хамгаалалтын захиргаанд хамрах газар нутагтайгаа харьцуулбал 4-5 байгаль хамгаалагч нэмэх шаардлагатай байгаа аж.


УИХ-ын 2020 оны 46-р тогтоол "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай"-ын хэрэгжилтийг хангуулахыг чиглэл болгов. Мөн уул уурхай олборлолтоос үүссэн нөхөн сэргээх шаардлагатай 21 га талбайд техник, биологийн нөхөн сэргээлтийг боломжт хувилбараар шийдэх, ирэх оны төсөвт эн тэргүүнд шаардлагатай төсвийн задаргааг ирүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт олгосон өмчлөх эрхийг цуцлах, малчидтай холбоотой асуудлыг хуульд нийцүүлэн судалж, шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

相关新闻