БОАЖ-ын сайд Н.Уртнасан Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нартай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-24 16:10:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүд шинээр томилогдсон Элчин сайд нартай өргөтгөсөн уулзалт хийлээ. 


Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал тул БОАЖ-ын сайд Н.Уртнасан салбарын одоогийн байдал, зорилт, олон улстай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.


Тухайлбал, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь тодорхой хэмжээнд цөлжсөн. Үүнээс үүдэлтэй тоосжилт нь хөрш орнууд, бүс нутгийн хэмжээний асуудал болоод байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдол, усны нөөцийг хамгаалах, нэмэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх шаардлагатайг танилцуулсан юм.


Мөн Монгол орны цэнгэг усны 70 хувь, дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.48 хувийг эзэлдэг Хөвсгөл нуурын экосистемийн тэнцлийг хангах, бохирдлоос сэргийлэх нь үндэсний төдийгүй олон улсын хувьд ч ач холбогдолтой. Иймд Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлын судалгааг эхэлсэн. ГХЯ-ны шугамаар ОХУ-ын Онцгой байдлын яаманд хандах, Эрхүү хотын Сибирийн Онцгой байдлын газартай холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлтийг тавих нь зүйтэйг Н.Уртнасан сайд илэрхийлээд, ОХУ-д томилогдон ажиллах Ө.Энхтүвшин сайдад энэ асуудлыг анхааралдаа авч, хамтран ажиллахыг онцолжээ.


Монгол Улсын газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлдэг. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 5-8 мянган га талбайг ойжуулж байна. Ирэх 4 жилд ойн менежментийг сайжруулан, 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь хүргэхийг зорьж байна. БНСУ шар шороон шуургатай, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажилладаг. Ногоон хэрэм байгуулах, шар шороон шуургатай тэмцэхээр Зүүн хойд Азийн бүсийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэж байв.


Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгийн их хохирол амсаж байгаа салбаруудын нэг бол аялал жуулчлал. Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг сэргээх, жуулчдын урсгалыг богино хугацаанд бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлж байгаагаа ч салбарын сайд дурджээ.


Гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлын хамаарлыг арилгах тодорхой чиглэлд нэгдсэн зохион байгуулалтаар  Соёлын яам, ГХЯ, БОАЖЯ бодлогоор хамтран ажиллахаар болсон. Аялал жуулчлалын гадаад сурталчилгаа, маркетингийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход хамтын ажиллагаа их чухал. Мөн аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг боловсронгуй болгох, салбарын боловсон хүчнийг сургах, дадлагажуулах чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарахыг тэмдэглэв.


Байгальд ээлтэй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр энэ хүрээнд гадаад улсын тусгай хамгаалалттай газартай “эгч дүүс” парк байгуулах боломж бүрдүүлэх талаар Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай хамтран ажиллахаа мэдэгдлээ.


Мөн салбарын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг танилцуулаад, ирэх 4 жилд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэхэд та бүхний хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлоод, эдгээр асуудлаар БОАЖЯ шаардлагатай мэдээллийг шуурхай гарган өгч, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.


Ингээд Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар салбарын бодлого, чиглэл, тухайн улс оронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой асуултдаа тодорхой хариулт авлаа.

相关新闻