Р.Гандиймаа: Аймагт дельта вирусний халдвар эргэлтэт орсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-ын дарга, Шуурхай штабын орлогч Р.Гандиймаагаас ковидын нөхцөл байдлын талаар тодруулжээ.
-Шинэ мутацлагдсан хувилбар Архангайд орж ирсэн эсэхийг сорьж, сэжиглэсэн сорьцуудаа Улаанбаатар руу ХӨСҮТ-д илгээж, 8-р сарын 15-наас хойш шинжилгээ хийгдээд эхэлсэн. Хамгийн сүүлд илгээсэн сорьцон дотор дельта вирусийн эерэг тохиолдол илэрсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн. Тэгэхээр Архангай аймагт дельта вирусийн халдвар эргэлтэд ороод эхэлсэн гэсэн үг юм.
PCR шинжилгээнд эзлэх нийт эерэг тохиолдлын хувь сүүлийн 7 хоногт 18 орчим хувь руу орж ирсэн. Эрдэнэбулган суманд тохиолдол өндөр буюу аймгийн хэмжээнд бүртгэгдэж байгаа тохиолдлын даруй 50 хувийг эзэлж байна. Эрдэнэбулган сумын тархалтаас хамаараад орыг хүчитгэн нэмж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай гурван эмнэлэг дээр 122 орыг ажиллуулж байсан бол Сувд сувилал дээр 70 орчим орны хүчин чадалтай тусгай эмнэлгийг байгуулж бэлтгэл хангаж байна.
Сүүлийн үеийн тохиолдлууд дээр хүүхдүүдийн халдвар нэмэгдэж байна. Энэ нь 12–оос доош насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүйтэй холбоотой юм. Мөн вакцинд ороогүй жирэмсэн ээжүүд өвдөх нь нэмэгдэж байгаа. Сүүлийн 4 долоо хоногийн байдлаар 60-аас дээш насныхан хүндрэх хандлагатай байна.
Дельта вирусийн халдвар буюу мутацлагдсан хувилбар маш богино хугацаанд олон хүнийг халдварлуулах чадамжтай. Ердийн коронавирусийн халдвараас хэд дахин илүү халдварлуулах чадамжтай байгаа. Хүний биед ороод өсөж үржих хурд нь ч илүү. Ердийн коронавирусийн дундаж нууц хугацаа 5 хоног байдаг бол дельта вирусийн мутацлагдсан хувилбараар халдвар авсан хүмүүсийн нууц хугацаа нэг дахин бага байгаа. Ойролцоогоор 2-3 хоногийн нууц хугацаатай буюу шинж тэмдгүүд богино хугацаанд илэрч байгаа учраас нэгэн зэрэг олноороо өвдөх, эмнэлгийн ачааллыг ихэсгэх, улмаар хүндрэх магадлалтай.
Тиймээс иргэд, гэр бүлийн гишүүддээ тавих анхаарлаа сайжруулах, хамт олныхоо шинж тэмдгийг шинжих асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай. Дээр нь бие биендээ шаардлага тавих хэрэгтэй. Хувь хүний хариуцлагаас энэ тархалтыг хязгаарлан барих уу, үгүй юу гэдэг нь хамаархаар байгаа. Тиймээс хүн болгон хичээгээсэй гэдгийг хэлье.
Шинж тэмдгийн хувьд мутацлагдсан хувилбар дээр суулгалт, шингэн алдалт ажиглагдаж байгаа. Дээр нь толгойны өвдөлт эрт эхэлдэг, нэлээн удаан хугацаанд үргэлжилдэг шинж тэмдгүүд байна.
Өвчлөгсдийн хүндрэлийн хувьд вакцин хийгдсэн хүмүүс харьцангуй хүндрэл багатай байгаа. Тэгэхээр вакциныхаа бүрэн тунг авсан байх шаардлагатай байна. Хэдийгээр вакцин хийлгэсэн ч халдвар авах эрсдэлтэй учраас дэглэм барихад онцгой анхаарах, онцын шаардлагагүй бол олон нийтийн газар хүний бөөгнөрөл үүссэн газруудаар явахүй байх хэрэгтэй. Нийтийн үйлчилгээний газрууд руу суурь өвчтэй, хүүхэд, бусад халдвар авах эрсдэлтэй, вакцинд хамрагдаагүй хүмүүсээ зорчуулахгүй байхад гэр бүлийн гишүүд, хамт олон онцгой анхаарч, зохион байгуулалтад орох хэрэгтэй юм.
Хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр эмнэлгийн байгууллагууд нөөцөө хүчигтгэж байна. Ор дэлгэх төлөвлөгөөнүүдээ шинэчлээд нэг, хоёр, гуравдугаар хувилбараар хийж байгаа. Гэсэн ч иргэд өөрсдөө дэглэмээ сахихгүй, олон нийтийг хамарсан найр наадамд оролцож, нэг аягаар дамжуулж юм уух гэхчлэн маскгүйгээр суугаад нэг дороо дуулж хуурдаад, ингээд гэр бүлийн түвшний дайралт буюу гэр бүл, төрөл садны дунд халдвар тархах хувь өссөн. Нийт тохиолдлын 25 орчим хувь нь ийм халдвар байна.
Сургууль цэцэрлэг 9-р сарын 1-нээс эхлэх эрсдэлтэй, бөөгнөрөл үүсэх хандлагатай байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарах шаардлагатай. Хүүхдүүд шинж тэмдэг харьцангуй бүдэг өвдөж байгаа. 9-р сарын нэгнээс сургууль цэцэрлэг дээр мөрдөх дүрэм журмуудыг батлаад тусгай шаардлагуудыг хангаад явж байна. Эцэг эхэд тавих шаардлагууд ч бий.
9-р сарын 1-нээс сургууль цэцэрлэг жигдрэхэд төрийн байгууллагуудын хүмүүс нь амраад ажилдаа орж, бөөгнөрөлүүд нэлээн нэмэгдэнэ. Тиймээс байгууллагын тусгай шаардлагуудыг маш сайн хангах хэрэгтэй. Өдөр болгон хүмүүсийнхээ халууныг хэмжих, бүртгэлүүдээ хийх, хэн тухайн байгууллагаар оров гэдгийг маш сайн бүртгэх, улмаар дотоод орчиндоо ч, өрөөндөө ажлаа хийгээд сууж байхдаа ч маскаа зүүх, харилцаа үүсгэх болгондоо масктай байх, дээр нь хүн хоорондын харилцаа үүсгэж байгаа бол 2 метрээс дээш зайнд, өрөөний агаарын сэлгэлтийн маш сайн хийх хэрэгтэй.
Батлагдсан тохиолдлуудад эмнэлзүйн хариу арга хэмжээний 5 баг гэрээр нь очоод тухайн өдрийн батлагдсан тохиолдлуудыг гэр гэрт нь үзлэгийг нь хийгээд эрчимт эмчилгээний эмнэлэг рүү шилжүүлэх үү, хөнгөн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэг рүү шилжүүлэх үү, эсвэл огт шинж тэмдэггүй гэртээ ганцаараа өөрийгөө тусгаарлах боломжтой, харгалзан дэмжээд биеийн байдлыг нь хянах боломжтой хүмүүсийг гэрт нь эмчилгээнд үлдээж байгаа.
Дэглэмийн хувьд иргэн хүн өөрөө сайн сахихаас гадна дархлаагаа дэмжихэд анхаарах хэрэгтэй. Ялангуяа цар тахлын үед хар мэдээг шүүж уншихгүй байх, автахгүй байх, айдаст өртөхгүй байх нь чухал. Дээр нь хоолны дэглэм дархлаа сайжруулах хүчин зүйлүүд дээр онцгой анхаарах, дасгал хөдөлгөөн сайн хийх, унтаж сайн амрах ийм зүйлүүд дээр онцгой анхаарах хэрэгтэй.
Одоо улирал шилжиж байгаа, огцом цочир хүйтрэх нөхцөл үүснэ. Сургууль, цэцэрлэгт орох хүүхдүүд маань үндсэндээ хоёр жил хязгаарлалтын дэглэмд орсон, гэртээ ихэвчлэн байсан учраас даарах хөрөх зүйлүүд гарахвий. Тиймээс эцэг эхчүүд маш болгоомжтой хандаж, хүүхдэдээ тавих халамжаа дээшлүүлж, хувцас хунарыг нь тохируулах хэрэгтэй.
Хоолой залгиурыг сайн зайлж угаах, хамрын угаалгуудыг содтой уусмалаар, бусад өөрсдөдөө таатай уусмалуудаар маш сайн хийх шаардлагатай. Гэр бүлийн гишүүд тус тусдаа хэрэглээ, эрүүл ахуйн зүйлүүдээ байлгах, аяга тавгаа тусдаа байлгахад онцгой анхаарах нь чухал. Гарыг сайтар савандаж угаах ёстой. Гар угаах боломж нөөц байхгүй бол халдваргүйжүүлэгч спиртэн суурьтай гелүүдээр бүрэн гүйцэт халдваргүйтгэж байх шаадлагатай. Өрөөний температурыг хэт хүйтэн болгохгүй байх. Агаарын сэлгэлтийг тогтмол хийх нь чухал. Мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэхэд хүн хоорондын зай барих, гараа халдваргүйтгэх, маскийг гадна, дотор орчинд зүүх хэрэгтэй. Маскаа зүүхдээ 2 цаг тутамд солих, зөв хаях нь чухал байна.
Шинж тэмдэг илэрч байгаа, өөрийгөө ямар нэгэн байдлаар ойрын хавьталтай байж болзошгүй гэж бас үзэж байгаа бол шинжилгээгээ өгөөд явах нь зохилтой. Одоогийн байдлаар бол Багшийн сургууль дээр цэг ажиллаж байна. Тохиолдлын тоо нэмэгдээд байвал шинжилгээний цэгүүдийг тоог нэмнэ.
Маш богино хугацаанд өндөр халдварлалттай явдаг энэ хувилбар эргэлтэд байгаа учраас хүн бүрийн хүчин чармайлт, оролцоо, урьдчилан сэргийлэлт, бэлтгэл бэлэн байдал чухал гэдгийг анхааруулж хэлье.
Зөвлөгөө авах бол Өрхийн эрүүл мэндийн төвүүд рүүгээ шууд утастах, мөн 70330119 руу хандаад холбогдох зөвлөгөөнүүдийг авч болно. Аймгийн шуурхайн штабтай холбогдох, эмнэлгийн тусламж авах, түргэн тусламж дуудах, улмаар сэтгэлзүйн зөвлөгөө авах зэрэг олон үйлчилгээг энэ сувгаар зэрэг өгч байгаа.
Эмчилгээний хувьд коронавирусийн мутацлагдсан хувилбар дээр адилхан тактик баримталж байгаа. Эмнэлгүүд маш богино хугацаанд олон ор дэлгэх хэрэгцээ шаардлага байгаа учраас дайчилгааны төлөвлөгөөнүүдийг идэвхжүүлж байна. Мөн орон нутгийн гамшгийн сан, нөөцийг дайчлах, улмаар мэргэжлийн байгууллагуудын нөөцийг дайчлах, эмнэлгүүд өөрсдийн даатгалын санхүүжилтээр авч байгаа санхүүжилтээрээ нөөцөө дайчлах, бусад хандив дэмжлэг, олон улсын тусламж, иргэд, орон нутгийн ТББ-уудын дэмжлэгийг авах, сайн дурын идэвхтнүүдийг ажиллуулах ажлуудыг зохион байгуулах бэлтгэл хийгдэж байна.
Аймгийн шуурхай штаб цаг үеийн нөхцөл байдалд үнэлгээ хийж байна. Аймгийн Эрүүл мэндийн салбараас өгч байгаа тархалтын шатны үнэлгээнүүд дээр үндэслээд холбогдох шуурхай шийдвэрүүдийг гаргаад явж байгаа. Иргэд аль болохоор Улаанбаатар, бусад халдвар өндөртэй байгаа бүс нутгаас бүс нутаг руу зорчихгүй байх хэрэгтэйг анхааруулъя.
Бүх аймагт хөдөлгөөн нээлттэй байгаа учраас зөвхөн орон нутагт хөдөлгөөн хаагаад үр дүн өгөхгүй хэмжээнд байгаа. Тиймээс УОК руу Архангай аймгийн өвчлөлийн тархалтын түвшний үнэлгээг хийгээд саналаа хүргүүлсэн. Шийдвэр хүлээж байна.