Уран бичээч О.Ням-Очир “Анирт цадиг” үзэсгэлэнгээ дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд зураач, уран бүтээлч О.Ням-Очир "Анирт цадиг" үзэсгэлэнгээ 9-р сарын 21-нээс 10-р сарын 1 хүртэл дэлгэн толилуулж байна.
Тус үзэсгэлэнд 30 гаруй бүтээлийг дэлгэсэн бөгөөд инстоляц болон орчин үеийн каллиграфи бүтээлүүд гэсэн хоёр хэсэгт хамруулан гаргажээ.
Үзэсгэлэнгийн
үеэр зураач, уран бүтээлч О.Ням-Очир хэлэхдээ, “Бидний
амьдрал техникийн технологийн нүргээн чимээн дунд зай завсаргүй, зав чөлөөгүй
элдэв дуу чимээн дунд өрнөнө. Дуу бидний амьдралыг бүрдүүлэн бидэнтэй хамт
өрнөж эхэлдэг бас дуусдаг. Шувуу жиргэх, өвс найгах, усны хоржигнох зэрэг тэр зөөлөн
амар амгалантай анир чимээг бид хүссээр байдаг. Магадгүй бидний илүү их
мэдрэхийг хүсдэг тэр амар амгалан, аль эсвэл сэтгэлд тааламжит чимээ нь монгол
бичиг, өв сурвалж дахь аниргүй мөртлөө анирт чимээ ч юм биш үү гэсэн санааг энэхүү үзэсгэлэндээ тусгахыг зорилоо. Тиймээс эргэн очихыг хүсдэг тэрхүү тааламжит хөг бид бүхний бичиг үсэг, түүх соёлд маань оршиж байгаа гэсэн далд
утгаар үзэсгэлэнгээ нэрлэсэн юм.
Түүнчлэн нүүдэлчдийн эдийн болоод оюуны соёл болсон монгол бичиг болон эмээлийн мод, морины тамга, араг, хадаг зэргийн хоорондоо хэрхэн харьцаж нэгдмэл цул болж байгааг харуулахыг хичээсэн. Ерөөс бэх гэгч цор ганц хар төдий бус түүн доторх олон өнгө зан төлөв нэгдмэл нийлэмж буйг арга ажиллагааны чөлөөт байдлаар илэрхийлэхийг зорьсон” гэлээ.
Монгол бичиг, тэр дундаа уран бичлэгээр мэргэшсэн түүний хувьд өөрийн эрхгүй "Хөх судар", "Алтан товч", "Монголын нууц товчоо" зэрэг түүхэн сурвалж зохиолуудыг тусган харуулсан бүтээлүүдийг түлхүү хийдэг юм. Мөн цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн хүнд цаг үед өөрийн бүтээлээр дамжуулан ард олондоо бага ч болов сэтгэлийн дэм өгвөл сая үзэсгэлэнгийн зорилго бүтэх сайн үйлс гэж бэлгэшээж буйгаа дурдаж байлаа.